УИХ-ын гишүүн Т.Доржханд 2022 оны улсын төсөв хэт тэлсэн, алдагдал ихтэй батлагдсан талаарх мэдээллийг хийлээ. Тэрээр төсвийг алдагдалтай баталсан асуудал нь тогтолцоондоо байгааг онцолж, сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон тухайгаа хэллээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
“Өнөөдөр Монгол Улсын 2022 оны төсвийг баталлаа. Өмнөх 30 жилийн төсөв хэрхэн батлагдсан тэр процедураар батлагдлаа. Бид хоёр удаа томоохон сонгуулийн ард гарчихаад байна.
2020, 2021 оны төсөв маш их тэлсэн, сонгуульд зориулсан төсөв байсан. Харин 2022 оных тэлсэн биш, судалгаан дээр суурилсан, хэмнэсэн, бодитой орлогыг төсөөлсөн, бас төсвийн алдагдлыг бууруулсан төсөв байгаасай гэж бодсон. Харамсалтай нь дахиад тэлсэн төсөв батлагдчихлаа. Асуудал нь төсөвт биш, тогтолцоондоо байна.
Би Сангийн яаманд 15 жил ажилласан. Таван жилд төсөв дээр ажилласан. 2000 онд байсан зовлон өнөөдөр хэвээр байна. Одоо бид үүнийг зогсоох шаардлагатай юм байна. Гарц шийдэл нь юу вэ гэвэл бид сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхгүй бол ирэх 30 жил ч үргэлжлэх нь ээ. Үр дүнд нь бидний төсвийн алдагдал өсөх нь. Жил болгон өсөж байна. Өнөөдөр ДНБ-ий 5,1 хувь гэж байгаа боловч хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг оруулбал 8,3 хувь болж байна. Үүнийг дагаад өр өссөөр байна. Үүнийг бизнес эрхлэгчдийн татварын мөнгөөр төлдөг.
Ингэж байж бид хөгжлийн төсөвтэй болохгүй бол тойргийн төсвөөсөө гарч чадахгүй байна.
Таван жилийн өмнө сэхээний орон дээр хэвтэж байсан Монгол Улсын эдийн засаг дахиад сэхээний байдалд орох эрсдэлд байна. Зогсоохын тулд углуургаар нь зогсоох ёстой. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулъя. Нийт 3,4 сая иргэнийхээ төлөө томхон дэд бүтцийн төслийг санхүжүүлэх боломжийг хайж олох уу, эсвэл 76 жижиг тойргийн эрх ашгийг хангасан, сургууль цэцэрлэг барьсан, жижигхэн гүүр тавьсан, соёлын төв барьсан байдлаар дараагийн 30 жилд төсвөө зарцуулах уу гэсэн нөхцөл байдалд бид байна.
Үүний гарц нь сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах. Үүний тулд Үндсэн хуулийн цэцийн гаргасан буруу шийдвэрийг дахиж өнөөдөр хэлэлцэх хэрэгтэй юм байна. УИХ-ын тогтоолын төслийг өөрчлөх хэрэгтэй юм байна. Ингэж байж бид хөгжлийн төсөвтэй болохгүй бол тойргийн төсвөөсөө гарч чадахгүй байна. Тойргийн төсөв 18 их наяд төгрөгийн зардалтай байна. 2,3 их наяд төгрөгийн алдагдалтай. Үүнийг өрөөр санхүүжүүлнэ.
Бидний авч байгаа өр өндөр дүнтэй байвал өрийн хямралаас Монгол Улс хэзээ ч гарч чадахгүй, хөгжлийн талаар ч ярьж чадахгүй. Энэ бол УИХ-ын буруу гэж хэлмээргүй байна. Сангийн яамны буруу ч гэж хэлмээргүй байна. Тогтолцооны асуудал байна. Тиймээс бид ирэх долоо хоногт Үндсэн хуулийн цэцэд хандана. Энэ асуудлыг шийдэж байж Монгол Улс хөгжинө. Энэ шинэчлэлийг иргэдтэйгээ хамт хийе. Эсрэгээрээ бид төмөр замаа шийдье, хил гаалийн боомтын асуудлаа шийдье. Тойргийн асуудлаа л шийдээд байвал хөгжил байхгүй. Үүнд цэг тавья” гэв.