Тайландад амьдардаг сиамын үүлдрийн муур хамгийн өндөр настай муур аж.
Дэлхийн хамгийн ахмад муур тэрээр өдгөө 34 настай бөгөөд эмгэн хочит Вад нэртэй юм. Тэрээр өндөр насалсан муурын дээд амжилтыг эвдэж магадгүй юм. Өмнө нь Гиннесийн дээд амжилтын эзэн, Техас мужийн Остин хотын иргэний тэжээвэр муур 38 насалж дэлхийн хамгийн ахмад муур болж байв.
34 жилийн өмнө гэрийнх нь үүдэнд золбин муур зулзагалахад түүнийг гэр бүлийнхээ нэг гишүүнээ болгон өргөж авсан байна.
Вад муурын эзэн Ванна хэлэхдээ “Түүний бие махбодид одоогоор ноцтой өвчний шинж тэмдэг илрээгүй ч шүд нь суларсан тул одоо зөвхөн зөөлөн хоол идэж чаддаг. Хэдэн жилийн өмнө тэрээр хойд хөлөө нохойд хоёр удаа хазуулсан учир яс нь гэмтэлтэй байсан ч одоогоор харьцангуй дээрдсэн. Гэхдээ Вад эмээ хөгширч, шүд нь хуурай хоол даахаа больсон. Мөн бага зэрэг мартамхай болсныг бид анзаарсан. Тэр залуу байхдаа эрч хүчтэй байсан бөгөөд үргэлж миний жимсний талбайг тойрон гүйж, жижиг амьтдыг барих гэж оролддог байлаа. Тэр эелдэг, хөгжилтэй боловч хэн нэгэн түүнтэй нялуурах гэж оролдвол үнэхээр түрэмгий болдог” гэжээ.
Эзэн нь бага байхаасаа л Вадтай хамт байсан бөгөөд түүнтэй цаашид илүү их цагийг хамт өнгөрөөхийн тулд чанартай хоолоор хооллож, тогтмол үзлэгт хамруулан эрүүл байхад нь анхаардаг байна.