Долоон жилийн өмнө дэлхийгээс хөөрч байсан SpaceX компанийн сансрын пуужингийн хэсэг энэ оны гуравдугаар сард сарны гадарга дээр унахаар байгааг мэргэжилтнүүд тооцоолжээ.
Уг пуужин нь 2015 онд NASA-гийн DSCOVR (Deep Space Climate Observatory) хиймэл дагуулыг тойрог замд хүргэснийхээ дараа ашиглалтаас гарч, сансрын уудамд хаягдсан юм.
Тэр үеэс хойш пуужингийн нэг хурдасгуур нь математикчдын нэрлэдгээр “chaotic orbit” (эмх замбараагүй тойрог зам) орон зайд чөлөөтэй хөвж байжээ.
Тэгвэл уг биет удахгүй сарны гадарга дээр унах тооцоог астрономич Билл Грэй хийснээ өчигдөр танилцуулсан байна. Тэрбээр астероид зэрэг сансрын бусад биетүүдийн замыг тооцоолох Project Pluto программ хангамжийн төсөл дээр ажилладаг юм.
Энэ сард пуужингийн хэсэг тойрог замаасаа хазайж, саранд нэлээд ойртсон юм байна. Үүнийг ажигласан Грэй дараагийн удаа пуужингийн сэг гуравдугаар сарын 4-ний өдөр сарны дэлхийд харагддаггүй талд 9,000 км/цаг хурдтай унана гэж тооцоолжээ.
Бусад астрономичид ч бас Грэйн хийсэн тооцооллыг шалгаж баталсан байна.
“Би сансрын хог хаягдлуудын хөдөлгөөнийг сүүлийн 15 жилийн турш ажиглаж байгаа. Энэ нь саран дээр зорилгогүйгээр унасан анхны тохиолдол болох юм” гэж Грэй ярьжээ.
Дөрвөн тонн жинтэй пуужингийн хурдасгуурын саран дээр унах үйл явцыг дэлхийгээс шууд ажиглах боломжгүй юм байна.
Гэхдээ мөргөлтийн улмаас сарны гадарга дээр тогоо үүсэж, түүнийг нь сарны тойрог замд ажиллаж буй аль нэг хиймэл дагуулаар дамжуулан мэдэх боломжтой гэж судлаачид дүгнэжээ.
Өмнө нь сансрын хөлгийг саран дээр зориудаар унагаж байсан гэдэг. Тухайлбал Apollo багийнхан сарны сейсмометрийг хэмжихийн тулд ийм арга хэрэглэж байжээ.
Харин энэ удаагийнх хүний гараар бүтсэн сансрын биетийн ямар нэг зорилгогүй, санамсаргүй уналт гэдгээрээ онцлог юм.
АНУ, Хятадын сансрын хөтөлбөрүүдийн үүсгэсэн хог хаягдлууд сансарт улам нэмэгдэж буй тул цаашдаа ийм санамсаргүй мөргөлт олон удаа давтагдах магадлалтай гэж Грэй үзэж байна.