УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Төрийн банкнаас олгосон зээлийн талаар Монголбанкны Ерөнхийлөгчид хандан асуулга тавив.
Улсын их хурлын гишүүний асуулгад
1. Төрийн банкны зээлийн бодлого, нөхцөлийн талаар;
2. Төрийн банкны санхүүгийн үндсэн үзүүлэлтүүд, актив, пассив, тэдгээрийн дэлгэрэнгүй задаргаа;
3. Нийт зээлийг нийт активтай харьцуулсан харьцаа улирал тус бүрээр, Монголбанкнаас тогтоосон хязгаарлалттай харьцуулсан байдлаар;
4. Төрийн банкны активын өгөөж, өөрийн хөрөнгийн өгөөжийн талаарх тооцооллыг тус банктай дүйцэхүйц хэмжээний дэд бүтэцтэй арилжааны банктай харьцуулсан байдлаар;
5. Малчны, тэтгэврийн, хэрэглээний зээлээс бусад зээлийн хэмжээ, нөхцөл, чанарын үзүүлэлт, барьцаалсан эд хөрөнгө, эргэн төлөлтийн талаарх мэдээллийг зээлдэгч тус бүрээр;
6. Шүүхээр шийдвэрлүүлэхээр хандсан зээлийн мэдээллийг зээлдэгч тус бүрээр;
7. Эрсдэлийн санг ашигласан зээлийн мэдээллийг зээлдэгч тус бүрээр;
8. 2017 онд “Шинжиан шинфа” ХХК-д олгосон 20 тэрбум төгрөгийн зээлийг олгохыг чиглэл болгосон болон хэрэгжүүлсэн албан тушаалтан, шийдвэрийн үндэслэл, зээлийн нөхцөл, барьцаа хөрөнгө, эргэн төлөлтийн талаар тайлбар мэлээлэл ирүүлэхийг хүсчээ.
Үүнд анхаарал татсан нэг асуудал байгаа нь 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр төрийн банкнаас нэг өдрийн дотор хятадын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” гэх компанид 20 тэрбум төгрөгийн зээлийг олгуулсан асуудал байгаа юм. Уг хэрэг нь шүүхээр хэлэлцэгдэж тэр үеийн Төрийн банкны өмнөх захирлуудаас нэр бүхий таван хүн, шинжиан Шинфа компаний удирдлагууд ч эрүүгийн хуулиар ял шийтгэл хүлээсэн юм.
Уг зээл нь монгол улсын хууль, төрийн банкны дүрэм журмуудыг зөрчиж олгогдсон байдаг. Хамгийн тодорхой жишээ нь тухайн үеийн сангийн сайд Б.Чойжилсүрэн Төрийн банкнаас олгох зээлийн дээд хэмжээ 5 тэрбум төгрөг байсан хязгаарыг үл харгалзан шинжиан шинфа компанид 20 тэрбум төгрөгийн зээлийг олгуулах үүрэг чиглэл бүхий гарын үсэгтэй албан бичгийг төрийн банкинд өгсөн баримт нь байдаг.
Ингэхээр Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн тэр зөвшөөрлийн дагуу 20 тэрбум төгрөг Төрийн банкнаас гараад явчихсан гэсэн үг.
Энэ мөнгийг гаргахдаа “Зээлийн хязгаарлалтад хамааруулахгүйгээр” гэсэн.
Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгийн энэ бичиг буюу үүрэг чиглэлийг биелүүлж ажилласан Төрийн банкны удирдлагууд, ажилтнууд ял шийттгэл хүлээж, төрд ажиллах эрхгүй болцгоосон. Өөрөөр хэлбэл Б.Чойжилсүрэнгийн өмнөөс ял үүрцгээв.
Монголын хууль шүүх хэзээ шудрагаар асуудлыг шийдэж хулгай луйварын гол эздэд нь хариуцлага хүлээлгэдэг болох вэ?
Энэ асуудлаарх Цензургүй сурвалжлага багийнхны бэлтгэсэн нэвтрүүлэг бүрэн эхээрээ.