УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Г.Тэмүүлэн, Б.Саранчимэг, Ж.Ганбаатар нар “Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж байгаа аж. Төслөөс эхний байдлаар дараах саналууд гарчээ.
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын нийт иргэнд тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх;
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьцааны 10 хүртэлх хувийг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр худалдах;
-Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор иргэдэд олгохоор шийдвэрлэсэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны үлдэгдлийг өмнө хувьцаа эзэмшиж байгаагүй иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх;
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иудын Монгол Улсын иргэд болон аж ахуйн нэгжид олгогдсон хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр нээлттэй арилжих арга хэмжээг зохион байгуулан үйл ажиллагааны явцын талаар Улсын Их Хуралд танилцуулах гэсэн саналууд гарсан байна.
Тухайн хуулийн төсөлд иргэн та саналаа өгөх боломжтой юм.