Өнөөдрийн 2022.05.17-ны өдрийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүдийн асуултанд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулахдаа “Чингис хаан банк тэр зоорийг зээлдэгчээсээ хурааж авсан. Хурааж авахдаа хөндлөнгийн үнэлгээ хийдэг компаниар үнэлгээ хийлгэж 20 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн. Үүнийг нь Монголбанкны хянан шалгагч нар очиж шалгаад зарж борлуулах үүргийг нь Чингис хаан банканд өгсөн” гэв.
Монголбанкны ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд тэр зоорийн 20 тэрбумын үнэлгээг Монголбанк хянаж шалгаад зөвшөөрснийг илтгэж байна. Тэгээд НДС-ын өрийг дарах үүргийг Чингис хаан банканд өгсөн байх юм. Гэтэл нийгэмд уг зоорийн талаар маш олон мэдээллүүд гарч наад захын хүнсний ногоог ч стандартын дагуу хадгалах боломжгүй, яагаад ч 20 тэрбумын үнэлгээнд хүрэхгүй гэдгийг хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжлаад бичээд эхэлсэн.
Одоогоор Монголд Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Чингис хаан банк нь төлбөр гүйцэтгэх чадваргүй болж дампуурсан гэдэг нь тодорхой болсон ч Монголбанкнаас албан ёсоор дампуурлыг нь зарлахгүй, хуульд заасан арга хэмжээг авахгүй явсаар нөхцөл байдлыг улам хүндрүүлж энэ 2 банканд Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангууд бусад төрийн байгууллагуудын мөнгөн хөрөнгө эрсдэлд орсон.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь эдгээр 2 банканд хуульд заасан арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлж, төр татвар төлөгчдийн мөнгийг эрсдэлээс гаргах ёстой байсан ч эсэргээрээ Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын эзэмшлийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд ковидын хуулиар далимдуулж 14 тэрбум төгрөгийг зээлдүүлсэн. Энэ зээлээ төлөх хугацаа нь хэтэрсэн ч хугацааг нь хойшлуулж өгөх хэлбэрээр олигархуудад үйлчилж байна.
Харин Чингис хаан банкны өрийг төрд ямар ч хэрэггүй зоорь мэтийн зах зээлээс хэт өндөр дүнгээр үнэлсэн үл хөдлөх хөрөнгө шахах замаар хуулиар хүлээсэн үүрэг биш хулгай луйврыг дэмжиж оролцсон үйлдлүүдийг гаргасаар байна.
Өнөөдөр Монголд инфляци 14,4% , Улаанбаатар хотод 15,2%-тай байна.
Гэтэл УИХ-аас баталсан Мөнгөний бодлогоор баталсан инфляцын зорилтот түвшин нь 6% юм.
Мөн долларын ханш өдрөөс өдөрт нэмэгдэж Монгол төгрөг үнэгүйдэж байгаа нь хүн бүхний өмнө ил байна.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн үндсэн ажлын үр дүн, үр дагавар Монголын 3,4 сая иргэн шууд хүрч ажил амьжиргаа, орлогод нь нөлөөлдөг. Яг өнөөдрийн байдлаар Монголчууд валютын ханшийн өсөлт болон инфляцад маш хүчтэй өртөж орлого нь багасч, зарлага нь нэмэгдэж амьжиргааны түвшин нь дордсоор байна.
Монголбанк нь УИХ-д харьяалагдаж, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг үндсэн ажил нь инфляц, валютын ханшийн тогтвортой байдлыг хангах байдаг.УИХ томилсон хүнийхээ ажлыг дүгнэж хариуцлагын асуудал ярихгүй бол хуулиар хүлээсэн нийт ард түмний биш хэдхэн банкны эзэн олигархуудын эрх ашигт үйлчилж байгаа Б.Лхагвасүрэнгийн өмнөөс 76 гишүүн та нар бүгд, эрх баригч МАН сонгуулиар хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэж байгаа гэж найдъя.