Энэ сарын 15-наас хойш Замын-Үүд-Эрээн боомтоор чингэлэг тээврийн импорт зогсох эрсдэлтэй байгааг Гадаад харилцааны яам мэдэгдлээ.
Энэ сарын хоёрны өдрөөс хойш нарийн ногооны чингэлэг тээвэр орж ирэлгүй зогсоод байгаа аж. Энэ сар гарсаар өнөөдрийн байдлаар Эрээн хотод COVID-19-ийн халдварын 149 шинэ тохиолдол бүртгэгдэж, тодорхойгүй хугацаагаар хатуу хөл хорио тогтоогоод байна.
Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний 70-80 хувийг хангадаг энэхүү боомтод одоогоор гаалийн бүрдүүлэлт хийсэн 200 чингэлэг, бүрдүүлэлт хийхэд бэлэн 200 чингэлэг байгаа аж. Гаалийн бүрдүүлэлт хийсэн 200 чингэлгийг одоогоор зөөж байгаа бөгөөд үлдсэн 200 чингэлгийг үргэлжлүүлэн тээвэрлэх хүсэлтийг Консулын газраар дамжуулан хүргүүлээд байна.
Мөн Эрээн хотын захиргаанаас зөвшөөрвөл өдөрт 10 чингэлэг хүнсний ногоо тээвэрлэх боломж бүрдэхээр байгаа ажээ.
Монгол Улсын хувьд бараа, үйлчилгээний үнийн өсөлт 2022 оны дөрөвдүгээр сард 14.4 хувьд хүрсний 56.1 хувь буюу 8.1 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсныг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм.
Дотоодын зах зээлийн хувьд импортын бараа, бүтээгдэхүүнээс хэт хамааралтай байгааг “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэгдлээ. Тодруулбал: иргэдийн хэрэглээ дэх гурилан бүтээгдэхүүний 33, хүнсний ногоо болон сүү, сүүн бүтээгдэхүүний 40 орчим, өндөгний 50 орчим, загас, будаа, элсэн чихрийн 100 хувийг импортоор авч байна.
Импортын бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах зорилгоор цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн татварыг тэглүүлээд байгаа юм.
Харин дунд хугацаандаа дотоодод үйлдвэрлэдэг байсан, үйлдвэрлэж байгаа нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнүүдийн гаалийн татварыг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэгчдэд боломж олгох нь зүйтэйг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун онцоллоо. Ингэхдээ хамгаалалтын тариф тогтоох замаар өндөг, ургамлын тос зэргийн гаалийн татварыг илүү өндөр тогтоох боломжтойг тодотгож байна.