Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад эх үүсвэр барихаар тусгасан. Үүний хүрээнд эх үүсвэрүүд шинээр барих ажлыг гурван чиглэлээр хийхээр болсон юм. Нэгд, одоо байгаа эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмж, өргөтгөх. Хоёрт, эрчим хүчний нүүрсээр ажилладаг технологитой эх үүсвэр шинээр барих. Гуравт, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих.
Нүүрсээр ажилладаг технологитой эх үүсвэр шинээр барих ажилд хамаарах томоохон эх үүсвэр бол Тавантолгойн 450 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих ажил юм. 2020 оны дөрөвдүгээр сард энэ эх үүсвэрийг Засгийн газар өөрөө санхүүжүүлж барина гэдэг Засгийн газрын тогтоол гарсан. Энэ шийдвэрийн дагуу санхүүжилтийн 30 хувийг хувьцаа эзэмших замаар Эрдэнэс Тавантолгой ХК гаргана. Үлдсэн 70 хувийг Засгийн газрын баталгаа гаргаж, зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсон. Үүний хүрээнд Засгийн газар Хэмнэлтийн хуультай хамт өрийн баталгаа гаргах хүсэлтийг гаргаж УИХ-д өргөн барьсан юм. Гэвч УИХ уг өрийн баталгааг өрийн тааз тулсан гэдэг шалтгаанаар дэмжээгүй учир төсөл зогсоод байлаа.
Тэгвэл уг төслийг хөдөлгөхөд ОХУ-аас хамтран ажиллах санал тавьж, ОХУ-ын зарим банк санхүүжүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдэв.
Тодруулбал, төслийг ОХУ-ын зарим банк санхүүжүүлэх боломжтой гэдгээ мэдэгдсэн байна. Үүнээс гадна хэд хэдэн компанийг судалж байгаа аж. Салбар яамны төлөвлөж буйгаар Тавантолгой ДЦС-ын тендерийг нэгдүгээр сараас өмнө зарлаад 2023 оны тавдугаар сарын сүүл гэхэд оролцогчоо сонгон шалгаруулж гэрээлнэ. Ингээд ажлаа ирэх оны хоёрдугаар хагасаас нь эхлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Одоогийн байдлаар ДЦС-ыг 2026 оны хоёрдугаар хагаст ашиглалтад оруулна гэж төлөвлөжээ. Түүнчлэн Б.Чойжилсүрэн сайд уг төслийг хөдөлгөхөд оффтейк гэрээ хийхгүй, бодит санхүүжилт олно гэв. Уг асуудал төрийн нууцад хамаарч буй учир илүү мэдээлэл өгөх боломжгүйг сайд хэллээ.
Эрчим хүчний асуудал бол улсын тусгаар тогтнолын хэмжээнд яригддаг. Тиймээс тухайн улс эрчим хүчний хувьд бие даасан байх нь хамгийн чухал гэж судлаачид сануулсан. Манай улсын хувьд баруун аймгууд ОХУ-аас эрчим хүчээр хараат байна. Энэ бүсэд эрчим хүчний бие даасан байдлыг авчрахын тулд Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Харин Тавантолгой ДЦС-ын төсөлд ОХУ-тай хамтрах нь Засгийн газар зарчмаасаа буцсан хэрэг болох юм.