УИХ-ын гишүүн асан Л. Энхболдын 2018 онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн Тавантолгойн орд газраас 268,000 тонн нүүрс алдагдсан гэх асуудлыг нягтлан шалгах ажлын хэсэг Сангийн сайд асан Ч. Хүрэлбаатарын 2018 оны 109 тоот тушаалаар байгуулагдсан. Тус ажлын хэсэгт Гаалийн ерөнхий газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга асан Б.Онон, тус газрын орлогч дарга асан Л. Очгэрэл нар ажиллажээ. Мөн дээрх ажлын хэсгийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар дэд ажлын хэсгийг байгуулан бүрэлдэхүүнд нь Гаалийн ерөнхий газрын чиглэл хариуцсан нэгжийн 14 алба хаагчийг ажиллуулж, Гашуунсухайт дахь гаалийн газарт хоёр удаа, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод нэг удаа томилолтоор ажиллуулан холбогдох мэдээ, баримтыг бүрдүүлж, харьцуулсан судалгаа, дүн шинжилгээ хийлгэх, гаалийн үйл ажиллагааны технологийг газар дээр нь очиж шалган хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг тогтоох үйл ажиллагааг тус тус хэрэгжүүлжээ.
Дэд ажлын хэсэг 2018 оны зургадугаар сарын 05-ны өдрөөс зургадугаар сарын 31-ний өдрүүдэд ажиллахдаа 2013-2017 онуудад Гашуунсухайт боомтоор экспортод гарсан нүүрсний гаалийн бүрдүүлэлтэд холбогдох бүртгэл, бичиг баримтуудыг шалгасан байна.
Тухайн үеийн сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлуудын талаар 2018 онд тухайн үеийн Засгийн газрын хуралдаанд танилцуулга, мэдээлэл хийгээд Гашуунсухайт боомтоор 2013-2017 оны хооронд нүүрс тээвэрлэгч 86 компанийн 2527 машин 17,149 удаа хоосон улсын хилээр гарсан бүртгэл байгаа нь нүүрстэй гарсан байх магадлалтай тул шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд албан тоотоор шилжүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар ч хариу, үр дүн байхгүй байгаа юм.