Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр туссан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, олон нийтийн саналыг авч эхлээд байна.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эхний хэлэлцүүлгийг НҮБ-ын Суурийн зохицуулагчийн газар, Европын Холбоо, ОУВС, Дэлхийн банк, ОУСК, ЕСБХБ, АХБ зэрэг олон улсын байгууллага, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, Америк-Монголын худалдааны танхим, Монголын бизнесийн зөвлөл, МҮХАҮТ, Улаанбаатар худалдааны танхим, Австрали-Монголын худалдааны танхим, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Европ-Монголын хамтарсан худалдаа, аж үйлдвэрийн танхим зэрэг мэргэжлийн холбоод, танхимууд, хөрөнгө оруулагчдын 150 гаруй төлөөллийг оролцуулан амжилттай зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлгийн үеэр Эдийн засаг, хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай танилцуулга хийж, хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах, татварын орчин, хөрөнгө оруулалтын хориглолт хязгаарлалт, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, гомдол маргаан шийдвэрлүүлэх, төрийн захиргааны болон орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой өргөн хүрээний асуудлаар панел хэлэлцүүлэг хийлээ.
Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/17 дугаар тушаалаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд холбогдох яам, агентлаг, Монголбанк, АТГ, МҮХАҮТ зэрэг 18 байгууллагын төлөөлөл орж ажиллаж байгаа юм байна.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулийн төсөлд Эдийн засаг, хөгжлийн яамны цахим хуудсаар олон нийтийн санал авч байгаа юм байна.
Та http://med.gov.mn/post/128976 цахим холбоосоор орж, хуулийн төсөлтэй танилцан саналаа өгөх боломжтой.