Өнөөдөр УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хурлаар Боловсролын ерөнхий хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэв. ЗГ-аас боловсруулсан уг хуулийн төсөлд англи хэл хоёрдогч үндсэн боловсролын хэл байна гэдэг томьёоллоор оруулж ирсэнийг анхны хэлэлцүүлгээр дэмжсэн байсан ч өнөөдрийн хуралдаанаар 8 гишүүн эсэргүүцсэнээр уг санал унажээ.
Уг асуудалтай холбогдуулан уг хуулийн ажлын хэсгийн ахлагч, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга асан Г.Дамдинням: Монголын ард түмний саналыг та бүгдийн төлөө зүтгэнэ ээ гээд авчихсан эрхэм УИХ-ын гишүүд бид нар энд суугаад ирээдүйг нь хэрхэн бэлдэж ямар хүн болгож гаргах талаар яриад сууж байгаа. Тэд биднээс тэгш боломж л өсөж байгаа. Тэр тэгш боломж, боловсролоор л очих ёстой. Монгол орны 4 зүг 8 зовхист амьдарч байгаа Монголын хүүхдүүд дэлхийтэй хөл нийлүүлж алхах хэрэгтэй. Энэ тэгш боломжийг олгох ёстой гэдгийг Монгол Улсын ЗГ маш сайн харсан. Монгол улсын ерөнхий сайд Оюунэрдэнэ ЗГ-ын тэргүүн болж гарч ирээд хамгийн түрүүнд хэлсэн илтгэлийг эрхэм гишүүн санаасай гэж хүсэж байна. Албан ёсны гадаад хэлийг англи хэл болгоно оо гэдэг үгийг илтгэлдээ дурдсан. Тийм ч учраас Боловсролын ерөнхий хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Монгол Улсын ЗГ-аас Их хуралд өргөн барихдаа англи хэл хоёрдогч үндсэн боловсролын хэл байна аа гэдэг томьёоллоор оруулж ирсэн гэж бодож байгаа. ЗГ-аас орж ирсэн энэ төслийг бид нар анхдугаар хэлэлцүүлгээр дэмжээд гаргачихсан байсан юмыг. Байнгын хороон дээр нэг их олон тохиолдоод байдаггүй 3-ны 2-ын саналаар унагаж байгаад өөрөөр дахин томьёолж байгаа гэдгийг л ойлгож бодолцоорой. Бидэнд олон асуудал бий. Гэхдээ Монголын хүүхдүүдээс, Монгол орны ирээдүйгээс илүү том асуудал гэж бол байхгүй шүү. УИХ-ын чуулган дээр байр сууриа дахиад илэрхийлнэ. Эрхэм гишүүд дахиж бодоосой гэж та бүгдээс хүсье ээ. Баярлалаа