Монгол Улсад тулгамдаж буй гол асуудал эрчим хүч. Эрчим хүчний шинэ эх үүсвэр барина гэж 30 жил ярьсан манай улс гал алдахад ойрхон байна. Эрчим хүчний 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 20 хувийг импортоор авдаг эрчим хүчний салбарын алдагдал 2020 онд 92 тэрбум хүрч байсан. Энэ тоо түүнээс хойш их наядаар яригдах хэмжээнд хүрчээ. Өчигдөр буюу есдүгээр сарын 27-нд Эдийн засгийн сэтгүүлчдийн клубээс “Төсөв 2025” хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ үеэр эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлөх, засаглалыг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнөсөн юм. Тухайлбал, 2025 онд төсвийн хөрөнгө оруулалтаар эрчим хүчний эх үүсвэр, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 231 тэрбум зарцуулахаар төсвийн төсөлд тусгажээ. Их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг эрчим хүчний салбарын мега төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд төсвийн хөрөнгө оруулалт хангалтгүй. Иймээс гадаадын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах хэрэгцээ, шаардлага их. Үүний тулд үнэ чөлөөлөх асуудал зайлшгүй хийх ёстой ажил гэдгийг хэлж байна.Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр: Цаашдаа эрчим хүчний эх үүсвэрүүдийг олон нийтийнх, хувийн болгох тал дээр ажиллахаас өөр арга байхгүй. “Эх үүсвэр дээр хүчин чадлаа нэмье, та нар хөрөнгө оруулаач” гээд явахаар үнийн асуудал гарцаагүй гарна. Бид бүс нутагтаа хамгийн бага үнэтэй байгаа. Хэрэглэгчийн үнийн дарамт гэсэн ганцхан өгүүлбэр дээр зогсдог. Тийм учраас тарифын шинэчлэл гарцаагүй хийгдэнэ. Цаг хугацааны хувьд хэзээ вэ гэдэг нь асуудал. Энэ бол Монгол Улс шийдэхээс өөр аргагүй ажил гэдгийг ойлгож аваасай гэж бодож байна гэлээ.Гэвч цахилгааны үнээ нэмэх нь эрчим хүчний салбарт реформ хийх эхний алхам биш. Харин салбарын засаглалыг шинэчилж, хөрөнгө оруулалт хийх суурь нөхцөлийг бий болгох нь нэн тэргүүнд хийх ажил гэж судлаачид үзэж байна. Мөн эрчим хүчний салбарт тогтолцооны болоод засаглалын шинэчлэл хийгээгүй цагт тариф нэмэх нь үр ашиггүй алхам болно гэдгийг судлаачид анхааруулав.
Д.Үлэмж: Цахилгааны үнийг эдийн засгийн салбар хэрэглэгчээр нь ангилж, шат дараатай нэмэх нь оновчтой
ШУТИС-ийн багш, доктор Д.Үлэмж: Засаглалын реформ хийсний дараа үнэ тарифыг дэс дараатай нийгмийн сегмент болгоноор шинэчлээсэй гэж хүсэж байна. Бүх хэрэглэгчдээ ангилах ёстой. Мөн ургац тариалалт, хураалт гээд хавар, намрын улирлын шинжтэй тарифууд байх хэрэгтэй. Эрчим хүчний үнийг 28-30 хувь нэмэх нь одоогийн бодит өртгөө нөхөх үнэ тариф. Олон нийт үүнийг ойлгох хэрэгтэй. Төсвийн алдагдалтай ийм салбарын засаглал нь тодорхой бус, үнэ тариф нь ийм хаагдмал, бодит өртгөөрөө биш салбар дотор авлигал, ашиг сонирхлын зөрчил хамгийн өндрөөр явагдаж байгаа. Тэгэхээр үүнийг эрчим хүчний салбарын шинэчлэлээр давхар шийдээд, салбарын өрсөлдөөнийг сайжруулах, шинэ техник технологи шингэсэн салбар байгаасай гэж би хүсдэг. Цаашдаа яг ийм бүтэц, зохион байгуулалттайгаар, засаглалын хэлбэртэйгээр үнэ нэмээд байвал үр ашиггүй болно. Хувьчлалын асуудлыг зайлшгүй ярихаас өөр аргагүй. Тэгэхгүйгээр үнэ тариф нэмээд байхаар төрийн өмчит хувьцаат байгууллага зардлаа өсгөчихдөг.Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Эрчим хүч бол бидний суурь стратегийн гол салбар. Эрчим хүчний тэлэлт байхгүй бол эдийн засгийн тэлэлт байхгүй. Эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг нэмэхтэй холбоотойгоор хажууд нь эрчим хүчний салбарын шинэчлэл, засаглал, санхүү эдийн засгийнх нь нөхцөл байдлыг сайжруулах асуудлыг хамтад нь шийдэх шаардлагатай. Хэрэв хамтад нь шийдэхгүй бол үнэ, хүчин чадлыг эрчим хүчний асуудал шийдвэрлэгдэхгүй. Учир нь энэ салбар тогтолцооны хувьд томоохон асуудалтай.1980-аад оны үед Орос, Монголын эрдэмтэд хамтран БНМАУ-ыг 2000 он хүртэл цахилгаанжуулах төлөвлөгөөг хүн амын болон эдийн засгийн өсөлт, нягтралтай уялдуулан гаргасан байдаг. Түүнээс хойш эрчим хүчний салбарт эдийн засгийн өсөлттэй уялдуулан хийсэн нэгдсэн төлөвлөгөө, зураглал байхгүй гэдгийг судлаачид хэлж байна. Эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1650 МВт байгааг ирэх дөрвөн жил 3000 МВт-д хүргэхээр Засгийн газар зорьж байгаа. Энэ жилийн хувьд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хүчин чадлыг 200 МВт-аар нэмж байгаа ч эрчим хүчний дутагдал гарах учраас цахилгаан хязгаарлана гэдгийг салбарын яамнаас хэлж байна.
Н.Тавинбэх: Энэ өвөл оргил ачааллын цагуудад 70-80 МВт-аар хязгаарлалт хийнэ
Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх: Сүүлийн дөрвөн жил Монгол Улсын эрчим хүчний салбарын хүчин чадлыг бид 417 МВт-аар өсгөж чадсан. Энэ дотор уламжлалт технологитой эх үүсвэрүүд ч бий. Сэргээгдэх эрчим хүчний ч эх үүсвэрүүд байгаа. Энэ жил гэхэд бид Дорнодын цахилгаан, дулааны станцыг 50 МВт-аар, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Бөөрөлжүүлтийн 150 МВт-ын дулааны цахилгаан станцыг ашиглалтад хүлээж авах гэж байна. Өөрөөр хэлбэл, энэ өвлийн их ачааллаас амжаад бид 200 МВт-аар Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Гэхдээ хэрэглээ өсөлт үүнээс давсан. Оргил ачааллын цагууд ч орно. Энэ жил бидний хийсэн тооцоогоор оргил ачааллын цагуудад 2024-2025 оны өвлийн их ачааллыг давахад 70-80 МВт-ын чадлын дутагдалд орохоор байна. Хэрвээ бидний тооцсон хэмжээгээр өсөлт гарвал 70-80 МВт-аар хязгаарлалт хийнэ.Эрчим хүчний салбарыг сэргээх алдагдлыг бууруулахын тулд үнэ нэмэх асуудлыг эрх баригчид урьтал болгож байгаа ч тогтолцоог шинэчлээгүй, иргэдийн амьжиргаа дорвитой сайжраагүй цагт шууд үнэ нэмэх нь нийгэм, эдийн засагт хүнд тусна гэдгийг судлаачид анхааруулж байна.
Эх сурвалж: itoim.mn