Энэ зун задгай сансарт хөөрч, хүн төрөлхтний сансар огторгуйн мэдлэгийг тэлж байгаа James Webb телескоп ээлжит зургаа илгээснийг өнөөдөр NASA олон нийтэд танилцууллаа. Зургийг эх хувилбараар нь энэ холбоосоор орж татах боломжтой.
Уг зурагт Дэлхийгээс 430 жилийн зайд орших L1527 хар үүлэн дунд орших шинээр үүсэж буй од, тус одны ойролцоох хийн хавтгай дугуйнаас ялгарах элсэн цаг шиг хэлбэртэй гэрлийг харуулжээ. Энэхүү одыг эрдэмтэд маш залуу буюу 100 мянган жилийн настай гэж үзсэн бөгөөд одоогоор өөрөө бие даан энерги ялгаруулах боломжгүй байгаа аж.
Цаг хугацааны турш уг залуу од эргэн тойрондоо байгаа сансрын хий, тоос тоосонцрыг өөртөө нийлүүлэн томорсоор эцэстээ цөмийн нэгдэх урвалыг үүсгэж, өөрөөсөө энерги болон гэрэл бий болгох юм.
Элсэн цагийн дунд хэсэгт байх хар өнгийн хийн хавтгай дугуй нь манай нарны аймагтай тэнцэхүйц том хэмжээтэй. Иймд уг үзэгдэл Нар болон манай нарны аймаг анх үүсэхдээ ямар байсныг харуулж байгаа юм.
Өдгөө хамгийн хүчирхэгт тооцогдож буй James Webb телескопыг бүтээх саналыг хамгийн анх 1996 онд гарган, 20 гаруй жилийн турш, 10 тэрбум гаруй ам.доллар зарцуулан хөгжүүлж, 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр сансарт илгээсэн билээ. Уг телескоп нь нийт 18 ширхэг зургаан өнцөгт тольтой бөгөөд бусад телескопуудаас ялгарах онцлог нь гэрлээс үүссэн хэт улаан туяаны долгионыг хүлээн авч, зураг болгон хувиргадаг.
Эх сурвалж: NASA