Хоёр өөр улсад өссөн хос ихрүүдийн танин мэдэхүйн чадвар, зан чанарын байдал судлаачдын сонирхолыг ихээр татсан байна. Тэдний хоорондын ялгаатай байдлын харьцуулалт нь хүний хөгжлийн судалгаанд байгаль орчин ба хүмүүжлийн үүрэг хоёрын хооронд удаан үргэлжилсэн маргааныг таслахад чухал ойлголтуудыг өгсөн гэжээ.
Ихэр эгч дүүс 1974 онд Өмнөд Солонгост төрсөн ч ихрүүдийн нэг нь АНУ-ын нэгэн гэр бүлд үрчилэгдсэн гэнэ.
Тэрээр АНУ-д өссөн бөгөөд 2018 онд гэр бүлийн гишүүдээ нэгтгэхийн тулд Өмнөд Солонгосын хөтөлбөрт ДНХ-ээ оруулсанаар нөгөө ихэрээ олжээ.
Тэд эргэн нийлсний дараа тэдний оюун ухаан IQ, зан чанар, сэтгэцийн эрүүл мэнд, мөн өвчний түүхийг нь үнэлдэг шинжилгээнд хамрагдсан байна. АНУ-д өссөн ихэр охины IQ нь Солонгост өссөн ихэр эгчээсээ 16 пунктээр доогуур байсан нь судлаачдыг гайхшруулжээ. Судалгааны үр дүнг Personality and Individual Differences сэтгүүлд нийтэлсэн байна.
Судалгаачид: “Ихрүүдийн танин мэдэхүйн чадварууд нь генетикийн хүчтэй холбоотой байсан нь гайхалтай юм. Хоёр ихэр хоёулаа ухамсартай, сайн зохион байгуулалттай, үүрэг хариуцлагатай, амжилтанд хүрэхийн төлөө тэмүүлдэг. Ихрүүд тэс өөр орчинд өссөн хэдий ч эдгээр ижил төстэй байдал нь нэлээд сонирхолтой бөгөөд генетик нь хүний зан чанарт хүчтэй нөлөөлдөг болохыг харуулж байна” гэж тэмдэглэжээ.
Солонгост өссөн ихэр охин өөрийн хүмүүжлийг хайраар дүүрэн, эв найрамдалтай гэр бүлд хүмүүжсэн гэж тодорхойлсон бол өргөмөл эгч нь илүү хэцүү хүмүүжилтэй, зөрчилдөөн, өргөж авсан эцэг эхийнхээ салалтаар дүүрэн байсан гэсэн хэдий ч ихрүүд өөрийгөө үнэлэх үнэлэмж, сэтгэцийн эрүүл мэндийн үзүүлэлт нь ижил оноогоор дүгнэгджээ. Тэд соёлын үзэл сурталтай холбоотой тэс өөр хандлагатай байв. Жишээлбэл, Америкт өсгөсөн ихэр нь хувь хүн, Солонгос эгч нь илүү хамтын үзэлтэй байсан байна.
Тэд мөн ижил төстэй өвчний түүхтэй байсан бөгөөд хоёулаа өндгөвчнөөсөө хавдрыг арилгах мэс засал хийлгэсэн байна.
Илүү баттай дүгнэлт гаргахын тулд үүнтэй төстэй олон тохиолдлуудыг судлах шаардлагатай байдаг ч ийм төрлийн тохиолдол маш ховор тохиолддог бололтой. Гэсэн хэдий ч энэхүү судалгаа нь хүмүүсийн хөгжилд нөлөөлдөг соёл, байгаль орчин, генетикийн орцуудын талаар гайхалтай ойлголтыг өглөө хэмээн судлаачид үзэж байгаа гэнэ.