УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад Монгол Улсын хоёр дахь буюу үндсэн гадаад хэлийг англи хэл байна гэсэн заалтыг оруулсан юм. Мөн шинжлэх ухааны хичээлүүдийг англи хэлээр зааж болно гэсэн заалтыг багтаажээ. Ингэснээр улсын хэмжээнд англи хэлийг бага ангиас нь нэг хөтөлбөрөөр зааж хот, хөдөөгийн ялгаа арилах, цаашлаад боловсролыг тэгш хүртэх боломж нээгдэнэ гэж хууль боловсруулагчид танилцуулсан.
Тэгвэл байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэсэн заалтаар санал хураалгахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхи нь дэмжээгүй бөгөөд уг санал уналаа. Байнгын хорооны гишүүдээс англи хэлийг үндсэн гадаад хэл болгох заалтыг Г.Дамдинням, Ч.Ундрам, П.Анужин гурав л дэмжжээ. Харин байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, БШУ-ын сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүд дэмжээгүй байна. /Дэмжээгүй болон хуралд оролцоогүй гишүүдийг зурагнаас харна уу/
Одоо байнгын хорооны дэмжээгүй саналаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд санал хураах бөгөөд хэрвээ байнгын хорооны дэмжээгүй санал дэмжигдвэл англи хэлийг үндсэн гадаад хэл болгож, бага ангиас нь заах заалт бүрмөсөн унах юм. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжихгүй бол Засгийн газраас өргөн барьсан хувилбар буюу Монгол Улсын үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэдэг үндсэн заалтаараа хэвээрээ үлдэх юм.