Дэлхий дээр үүсэх шинэ “супер тив” 250 сая орчим жилийн дараа манай гарагийн амьд ертөнцийг устгах таамгийг хэсэг судлаачид дэвшүүлжээ.
Галт уулсын идэвхжлийн улмаас агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ одоогийн түвшнээс хоёр дахин нэмэгдэх бөгөөд үүнээс үүссэн хэт халалт амьдралыг устгах гол шалтгаан болох гэнэ.
Мөн хөгширч буй нарнаас ялгарах цацраг туяаны хэмжээ улам нэмэгдэж, цөлжилтийг эрчимжүүлэх нь энэ үйл явцад бас нэмэр болох ажээ.
Алсдаа манай дэлхийн бүх тивүүд нэгдэн “Pangea Ultima” хэмээх нэг том тив бүрэлдэнэ гэж үзсэн байна.
“Nature Geoscience” сэтгүүлд өчигдөр үр дүн нь нийтлэгдсэн энэ судалгаа геологийн үйл явцаас хамааралтай уур амьсгалын өөрчлөлтийг загварчлах гэсэн анхны оролдлого болсноороо онцлог ажээ.
Судалгаанд Их Британийн Цаг Уурын Албаны боловсруулсан математик загвар, Бристолын Их сургуулийн суперкомпьютерыг ашигласан юм байна.
“Pangea Ultima” тив бүрэлдэн бий болсны дараа эрэг орчимд нь агаарын чийглэг өнөөдрийнхөөс эрс нэмэгдэх бол тивийн гүнд хуурайшилт улам нэмэгдэх гэнэ.
Энэ үед манай дэлхийн агаарын температур аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад Цельсийн 15 хэмээр өсөх ажээ.
Ийм халалт 260 сая жилийн өмнө Пермь-Триассын эриний үед тохиоход амьтдын төрөл зүйлийн 90 гаруй хувь устаж байсан гэдэг.
“Дэлхий бол маш их өөрчлөгддөг орчин. Хүн төрөлхтөн бидэнд одоо амьдарч байгаа орчин нөхцөл маань асар том аз завшаан юм. Бид өөрийн хувьсан хөгжиж ирсэн үеийн цаг уурыг өөрчлөхгүйг хичээх ёстой. Бид дэлхийн зонхилох төрөл зүйл мөн боловч бидний хэр удаан оршин тогтнохыг уур амьсгал шийддэг. Цаашдаа яахыг хэн ч хэлж мэдэхгүй. Цоо шинэ зонхилох төрөл зүйлийн амьтан бий болж ч болох юм” гэж судалгааг ахалсан Бристолын Их сургуулийн судлаач Александер Фарнсворт тайлбарлажээ.
Гэхдээ түүний баг судалгаа нь хэт урт хугацааг хамарсан тул алдаатай байх өндөр магадлалтайг хүлээн зөвшөөрсөн байна.
Ямартай ч энэ судалгаа нь хүн төрөлхтний нүүдэллэх дараагийн гарагийн талаар ойлгоход тустай гэж тэд дүгнэжээ.
“Хэрвээ NASA ганцхан гараг руу хөлгөө нисгэх бол би супер тивгүй гарагийг сонгоно. Өнөөдрийн манай дэлхий шиг олон тивд хуваагдсан гараг илүү найдвартай” гэж Фарнсворт ярьж байна.
Эх сурвалж: The Guardian, ikon.mn