Москвагийн зочинд тийм ч таатай хандсангүй. Ирэх сургаар нь айлчлалыг нь эсэргүүцэхээ илэрхийлж, жагсаж, цуглана гэж байсан “nowar” хөдөлгөөнийхөн ямартай ч үймээн тарьсангүй. Гэхдээ олон нийтийн сүлжээнд орос даргын үйлдэлд эгдүүцсэн, шүүмжилсэн хүмүүс цөөнгүй байлаа. УИХ-ын даргын урилгаар гурван хоног Монголд айлчилсан ОХУ-ын Төрийн думын дарга В.Володин өчигдөр нутаг буцжээ. Түүний айлчлал бодсоноос даруухан, монголчуудын хувьд хүлээлт багатай, магадгүй Монгол Улс барууны нөлөөнд хэр автсан эсэхийг тэрбээр шалгаад буцсан ч байх талтай. Сар хүрэхгүй хугацааны өмнөхөн Монгол тав хоног саатсан Ромын папыг алга ташин угтсан монголчууд түүнд шүүмжлэлтэй хандсан, гэхдээ арай ч чулуугаар шидсэнгүй.
Монголд айлчилсан хэн бүхэн Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг. Ропын Пап сандлаасаа босоод хүндэтгэл үзүүлсэн бол Оросын Төрийн думын дарга В.Володин эсрэгээрээ гэдийсэн нь монголчуудын игзаарыг хөдөлгөжээ. Гэвчиг, гэдийсэн зочинтой гэдийж харилцах нь монгол ухаан биш. “Тэнэг мугуйд хүмүүстэй тэрсэлдэж бүү марга” гэж монголчууд сургадаг. Тэр утгаараа В.Володины үйлдэл тэнэг мугуйд байсан нь хэдий ч бид түүнтэй тэрсэлдэж болохгүй. Ялангуяа хөршөө урьж авчирсан бол хөөж явуулах нь гадаад харилцаа талаасаа зохимжгүй билээ… Үргэлжлүүлэн унших – News.mn