Европын судлаачид нарны хиртэлтийг зохиомлоор үүсгэх зорилготой сансрын хөлгийг тун удахгүй хөөргөхөд бэлэн болжээ.
Proba-3 нэртэй уг хөлгийг Европын Сансар Судлалын Агентлаг ESA ойрын нэг сарын дотор хөөргөх юм байна.
Уг хөлөг нь дэлхийн тойрог замд хүрснийхээ дараа хоёр хиймэл дагуул болж салах юм.
Хоорондоо ойрхон зайтай байрласан эдгээр дагуулууд нэг нь нөгөөгөө нарны гэрлээс бүрэн халхалж, тухайн орчиндоо нарны хиртэлт шиг үзэгдлийг хэдэн цагийн турш үүсгэх ажээ.
Ингэснээр нарны манай дэлхийд үзүүлдэг янз бүрийн нөлөөнүүдийг судлах боломжтой болох юм байна.
“Энэ бол ер бусын ирээдүйтэй технологи. Техникийн хувьд маш хэцүү ч зөв хийж чадвал үр өгөөж нь маш өндөр юм” гэж Коллеж Лондоны Их сургуулийн нарны физикч Франсиско Диего тайлбарлажээ.
Судлаачид дэлхийн тойрог замд хоорондоо 144 метрийн зайд, нэг миллиметрээс бага алдааны нарийвчлалтай байрлах хиймэл дагуулуудыг зохион бүтээж, тэдгээрт ашиглах олон төрлийн мэдрэгчүүдийг хөгжүүлэхэд сүүлийн арав гаруй жилийг зориулсан юм байна.
Үүний үр дүнд хоёр хиймэл дагуул нь тойрог замд 144 метрийн урттай нэг ажиглалтын станц шиг ажиллах ажээ.
“Хоёр хиймэл дагуул яг зөв байрлалд шилжиж чадвал нэг нь нөгөөгөө нарны гэрлээс бүрэн халхалж, хоногт зургаа хүртэл цагт үргэлжлэх зохиомол хиртэлтийг үүсгэх боломжтой” гэж Proba-3 төслийн менежэр Дамиэн Галано тайлбарлаж байна.
Дэлхий болон нарны дундуур сар өнгөрөхдөө нарны хиртэлт үүсдэг. Энэ нь наран дээр болдог үзэгдлүүдийг судлах сайхан боломж юм.
Харамсалтай нь байгалийн энэ үзэгдэл дунджаар хоёр жил тутамд нэг удаа тохиохдоо хэдхэн минутын турш, дэлхийн тодорхой хэсэгт үргэлжилдэг тул эрдэмтдэд судлах боломж бага олддог юм.
Тэгвэл хиртэлтийг тойрог замд зохиомлоор бий болгосноор Европын судлаачдын зохион бүтээсэн coronagraph нэртэй багаж нарны титмийг нарийвчлан ажиглах боломжтой болж байгаа ажээ.
Олон үзэгдлийн нууцыг хадгалж байж болзошгүй нарны титмийн температур эрдэмтдийн анхаарлыг ихээхэн татдаг.
Нарны гадаргын температур Цельсийн 6,000 хэм орчим байдаг бол нарыг тойрон хүрээлсэн титмийн температур нэг сая хэм хүрдэг.
“Энэ бол гайхмаар сонин үзэгдэл. Бидний төсөөллөөр бол нарнаас холдох тусам температур буурах ёстой. Гэтэл энд ингэдэггүй” гэж судлаач Андрей Жуков ярьжээ.
Тиймээс тойрог замд нарны зохиомол хиртэлт үүсгэх замаар нарны үйл ажиллагаа, түүний дэлхийд үзүүлэх нөлөөг судлах нь чухал ач холбогдолтой юм.
Нөгөө талаар Proba-3 хөлгийн технологийг ирээдүйд өөр янз бүрийн зорилгоор ашиглах зам нээгдэх ажээ. Тухайлбал тойрог замд хоорондоо маш нарийн уялдаа холбоотой хиймэл дагуулуудыг байрлуулах боломжтой болсноор хэд хэдэн жижиг хиймэл дагуулаар нэг том судалгааны станц шиг ажилладаг системийг бүтээж болох юм байна.