“Эрчист Монгол”-ыг унагах ажиллагааг сайд нарын захиалгаар Б.Цэнгэл удирдаж, Ц.Баяр-Эрдэнэ гардаж байна

“Эрчист Монгол”-ыг унагах ажиллагааг сайд нарын захиалгаар Б.Цэнгэл удирдаж, Ц.Баяр-Эрдэнэ гардаж байна

Төрийн өмчит компаниудыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар дамжуулан, дарга сайд нар “сааж” байдаг нь нэгэнт ил болсон зүйл. Ихэс дээдсүүд Б.Цэнгэл мэтийн нөхдийг даргаар томилон, хүслээ гүйцэлдүүлж суудаг жишээ олон байгааг дурдах нь илүүц хэрэг биз. Өөрөөр хэлбэл, түүний гараар “могой бариулдаг” гэсэн үг. Сүүлдээ бүр цагаандаа гарч дээрэм хийхдээ тулжээ.

Тухайлбал, төрийн өмчийн 44 компанийг удирдлага, менежментээр хангах үүрэг бүхий “Эрчист Монгол” компанийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл болон нэр бүхий сайд дарга нар “булаан” авахаар улайрч эхэлсэн мэдээлэл бий. Учир нь, “Эрчист Монгол”-ын нэгдэлд МИАТ, төмөр зам, усан цахилгаан станц, авто зам арчлалт нэгтгэл, эрчим хүч, дулааны цахилгаан станц гэх мэт ашиггүй, алдагдалтай ажилладаг муу нэртэй ч дээдсийн хэтэвчийг зузаалдаг компаниуд байдаг нь ийнхүү дээрэм хийхэд хүргэсэн бололтой. 

Санаж байгаа байх, өнгөрөгч намраас тус компани руу шударга үнэний арьс нөмөрсөн захиалгатай нөхдүүд явуулж, “Г.Амартүвшинд зориулан байгуулсан ашиггүй компанийг татан буулга” гэх мэтээр мэдээллийн орон зайд зориуд түгээж эхэлсэн төдийгүй “Эрчист Монгол”-ын захирал Г.Амартүвшинд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл болон нэр бүхий сайд, дарга нар ил далд дарамт шахалт үзүүлж байгааг эх сурвалж дуулгасан.

Тиймдээ ч тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин “Ажил хийх аргагүй дарамт шахалтууд байна. Тиймээс ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн” гэдгээ мэдэгдсэн. Одоо “Эрчист Монгол” компанийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Ажлын хэсэг томилон шалгаж, Ажлын хэсгийг Б.Цэнгэл өөрөө ахалж байгаа гэхээр аргагүй шунаж байгаагийн нэгэн илрэл биз ээ. 

Б.Цэнгэлийн хувьд Гаалийн ерөнхий газраас эхлээд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал гэх мэт аль хөрөнгөлөг газар ажиллаж, сайд дарга нарын хүслийг гүйцэлдүүлж өөрөө албан тушаал авч амташсан хүн. Тэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Зөвлөхөөр нь ажиллаж байгаад түүний дэмжлэгээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэх “хагацаж” боломгүй газрын дарга болсон. Сүүлдээ У.Хүрэлсүхийнхээ хараа хяналтаас хальж, Засгийн газрын нэр бүхий сайд нартай эрх ашгаа нэгтгэх болсон гэдэг.

Б.Цэнгэл өөрийн болон сайд дарга нарын шахааны хүмүүсийг төрийн өмчит компаниудын ТУЗ-ын дарга, гишүүнээр томилж, бусад эрх ашгаа гүйцэлдүүлж ирсэн нөхөр. Харин өнгөрөгч жилээс энэхүү ажиллагаа нь захаасаа хумигдаж эхэлсэн. Учир нь, Г.Амартүвшин “Эрчист Монгол”-ын захирлаар ажиллахдаа төрийн өмчит компаниудын засаглалыг зөв болгох, менежмэнтийг зөв удирдах чиглэлд анхаарч улстөрчдийн томилгоог эсэргүүцэн, яамнаас, сайд дарга нараас шахаанд ирдэг мэргэжлийн бус хүмүүсийг ТУЗ-д авахгүй хэмээн тэмцэж эхэлсэн. ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг цомхон болгож эхэлсэн нь ихэс дээдсийн таалалд нийцээгүй учраас Ажлын хэсэг байгуулан, өөрөө ахлах зэргээр улайрахад хүргэсэн хэрэг. 

“Эрчист Монгол”-ыг татан буулгах ажлыг Б.Цэнгэлтэй эрх ашиг нэгдэн ажилладаг Ц.Баяр-Эрдэнэ гэх нөхөр удирдаж байгаа аж. Тэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг төлөөлж “Эрчист Монгол” компанийн ТУЗ-д ажилладаг байна. Ц.Баяр-Эрдэнэ нь МАН-ын эрх мэдэл бүхий хүмүүстэй ойр байж албан тушаалын томилгоо түүж ирсэн нөхөр учраас тэднийг мэдээллээр хангаж, тэдний дохио зангаагаар хөдөлж байгааг эх сурвалж дуулгасан.  

Аанай л нэг “Нохойд барьдаг мод” болсон Ц.Баяр-Эрдэнэд сайн нэр байхгүй. Ганцхан жишээ, татахад тэрбээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Удирдлага зохицуулалтын газрын даргаар ажиллаж хашихдаа давхар “Хөтөл” цемент шохойн үйлдвэрийн ТУЗ-ын даргаар ажиллаж байв. Энэ үеэр “Хөтөл”-ийн захирал асан Л.Наранбаатар “Ц.Баяр-Эрдэнэ Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж, компанийн авто машиныг хувийн хэрэгцээндээ ашиглаж байгаа учраас компанийн машиныг буцаан өг. Мөнхүү 12.3 сая төгрөгийн үргүй зардал гаргасан”-ыг нэхэмжилж шаардсан бичгийг Б.Цэнгэл гэх “эзэн”-д нь явуулсан байдаг.

Энэ мэт “Нохойд барьдаг мод” болсон нөхөд шан харамж горьдож “Эрчист Монгол”-ыг унагаах сонирхол бүхий Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нарт хов хүргэн, хор хутгаж явдгийг мэдэж ядах зүйлгүй. Ийнхүү эздийнхээ захиалгаар ажиллагааг гардаж байгаа Ц.Баяр-Эрдэнэ нэг өдөр буруутны сандал дээр суух вий дээ. “Эзэд” бол хэзээ ч буруудахгүй шүү дээ.

0
Show Comments (0) Hide Comments (0)
Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *