Өмнөд Африкт “Ковид-19”-ийн B.1.1.529 вариант буюу шинэ мутаци бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам болон Халдвар өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээлжээ. Тус вариант нь хамгийн олон хүн амтай /12 сая/ Гуатенг мужид хурдтай тархаж байгаа бөгөөд одоогоор Өмнөд Африкийн найман мужид бүртгэгдээд байгаа аж.
B.1.1.529 вариант нь коронавирусийн эсрэг вакцины үр нөлөө бага, дельта хувилбараас хоёр дахин илүү тархах, олон удаа мутацилагдах чадвартай байж магадгүй гэж таамаглажээ. Иймд Өмнөд Африкт бүртгэгдсэн “Ковид-19”-ийн B.1.1.529 вариантыг илүү нарийвчлан судалж, анхааралдаа авахыг ДЭМБ-аас хүсчээ. Тодруулбал, ДЭМБ-ын Вирусийн хувьсал судлалын Ажлын хэсгийг яаралтай хуралдуулж, тус вариантыг ямар ангилалд оруулахыг шийдэхийг Өмнөд Африкаас хүссэн байна. Мөн энэхүү шинэ вариант мутацийн олон бүлэгтэй буюу өөр олон мутацитай байх магадлал өндөр байгааг Өмнөд Африкийн Эрүүл мэндийн газраас дэлхийн улс орнуудад анхааруулжээ.
Өмнөд Африк дахь дельта хувилбарын тархалтыг судалж буй эрдэмтэн Тулио Де Оливейра хэлэхдээ “Вирус маш олон тоогоор мутацилагдаж урьдчилан сэргийлэх дархлааг дарангуйлж, халдвар хурдан тархах вий гэдэгт санаа зовоож байна. Энэ шинэ хувилбар нь маш олон төрлийн мутацитай байх магадлалтай. Тиймээс энэ хувилбар маш хурдан тархаж, ойрын хэдэн долоо хоногт эрүүл мэндийн системд дахин ачаалал, дарамт нэмэгдэх эрсдэл байна. Өмнөд Африкийн долоон их сургуулийн эрдэмтдийн баг энэ хувилбарыг судалж байна. Нэг сайн мэдээ гэвэл шинэ вариантыг ПГУ-ын шинжилгээгээр илрүүлэх боломжтой” гэжээ.
Дээрх шинэ хувилбар нь Өмнөд Африкаас гадна Боствана, Хонгконгт бүртгэгдээд байгаа аж. Хонгхонгт Өмнөд Африкаас очсон аялагчаас илэрчээ. Иймд дэлхийн зарим улс орнууд Өмнөд Африкаас зогчигч хүлээн авахаас татгалзах, эсвэл шинэ вариант бүртгэгдсэн улсаас ирсэн, дамжсан зорчигчийг тусгаарлах арга хэмжээг авахаа мэдэгджээ.
Тухайлбал, Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагаас Өмнөд Африкт тархаж буй коронавирусийн шинэ хувилбар нь вакцины үр нөлөөг бууруулж, цар тахалтай тэмцэх хүчин чармайлтыг сулруулж болзошгүйд санаа зовж байгаагаа мэдэгдэв. Тус агентлагаас B.1.1.529 гэж нэрлэгддэг уг хувилбар нь “Ковид-19”-ийн вакцинд үндэслэсэн анхны коронавирусийн уургаас эрс ялгаатай, олон төрлийн хувилбартай байх магадлалтай гэж мэдэгдэв.
Тиймээс Их Британи Өмнөд Африк, Намибиа, Ботсвана, Зимбабве, Лесото, Эсватини зэрэг улсаас хийх нислэгийг түр хугацаагаар хориглож, эдгээр газраас буцаж ирсэн Их Британийн аялагчдыг хорио цээрийн дэглэмд оруулахаа мэдэгдэв.
“Ковид-19”-ийн B.1.1.529 шинэ вариант нь вакцинд хэр тэсвэртэй, дамжих чадвар ямар талаарх судалгааг илүү нарийвчлан хийж, судалгааны үр дүнд үндэслэн эрсдэлээ тодорхойлно гэдгээ Их Британий Эрүүл мэндийн агентлагаас мэдэгджээ.