Олон улсын валютын сан жил бүр гишүүн орнуудынхаа эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдалд үнэлгээ хийх зөвлөлдөх уулзалтыг Засгийн газрууд болон Төв банкны удирдлагуудтай зохион байгуулдаг. Үүний хүрээнд ОУВС-гийн ахлах эдийн засагч Ангана Банержигаар ахлуулсан Монгол Улсыг хариуцсан ажлын хэсэг сүүлийн хоёр сар гаруй хугацаанд манай улсад ажиллаж, Сангийн яам болон Монголбанкны удирдлагуудтай зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулсан.
Ажлын хэсгийн уулзалтын дараа ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөс тухайн улсад бодлогын зөвлөмж бүхий тайланг боловсруулсан олон нийтэд танилцуулдаг уламжлалтай. Уг жишгийн дагуу ОУВС-гийн Захирлуудын зөвлөл мягмар гаригт Монгол Улсын 2021 оны эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлын үнэлгээ болон бодлогын зөвлөмжийг танилцуулсан. Үүнээс ОУВС-гийн тайланд тусгасан онцлох хэсэг, гол зөвлөмжүүдийг тоймлон хүргэж байна.
Төсөв, мөнгөний бодлогын хувьд:
-Цар тахал сунжирч, үргэлжилсэн хэвээр байгаа ч Монгол Улсын эдийн засаг сүүлийн 10 жилд тохиолдсон эдийн засгийн хамгийн гүн хямралаас сэргэж байна. Эдийн засгийн сэргэлтэд экспорт гол нөлөөг үзүүлсэн бөгөөд дэлхийн эдийн засгийн сэргэлт болон бусад суурь нөлөө үүнд түлхэц болсон.
-Хэдий эдийн засгийн дэмжлэг үргэлжилсэн хэвээр, вакцинжуулалтын хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа ч цар тахлын улмаас дотоодын идэвхжил сул хэвээр байна.
-Инфляц сүүлийн саруудад өссөн. Энэ нь импортын үнийн өсөлтөд нөлөөлөх түр зуурын хүчин зүйлсээс голчлон шалтгаалсан.
-Цар тахлын үеийн бодлогын арга хэмжээнүүд эдийн засагт тодорхой хэмжээнд дэмжлэг болсон. Гэвч данхар, зорилтот бус, тэвчиж болох төсөв, санхүүгийн дэмжлэгийг хэрэгжүүлсээр байгаа нь макро эдийн засгийн эмзэг байдлыг улам нэмэгдүүлж байна. Улмаар Монгол Улсын өр огцом нэмэгдэж, банкуудын баланс, зээл-орлогын зохистой харьцаа улам суларч, Монголбанкны үйл ажиллагааны хараат бус байдал алдагдаж байгаа нь санаа зовоох асуудал мөн.
-Засгийн газар болон Монголбанк Монгол Улсын гадаад эмзэг байдлыг зохих хэмжээнд удирдаж чадсан. Тухайлбал, дэлхийн санхүүгийн таатай нөхцөлийг ашиглан 2022, 2023 онуудад төлөгдөх Евро бондыг илүү сайн нөхцөлөөр дахин санхүүжүүлсэн. Монголбанкны хувьд гадаад валютын нөөцөө боломжийн байдлаар бүрдүүлсэн. Гэсэн ч их хэмжээний гадаад өрийн хэмжээтэй харьцуулахад гадаад валютын нөөц хангалтгүй.
Эдийн засгийн хувьд:
-Монгол Улсын бодит ДНБ өнгөрсөн онд 4.6 хувиар буурсан бол 2021 онд 4.5 хувиар өсөх төлөвтэй байна. Харин 2022-2023 онд экспортод суурилсан эдийн засгийн өсөлт үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд экспортын боомтууд бүрэн нээгдэж, Оюу толгой төслийн далд уурхай бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаандаа дуусгаж чадвал эдийн засгийн өсөлт 6.5-7 хувьд хүрэх төлөвтэй байна.
-Инфляц Монголбанкны зорилтот түвшинд эргэн ирэх төлөвтэй байна. Экспортын үнийн өсөлтийг үл харгалзан 2020 оны урсгал дансны сайжруулалт түр зуурынх байх магадлалтай. Энэ нь Монгол Улс экспортын төрөлжилтгүй, импортын хэт хамааралтайн дээр гадаад өр өндөр байгаагийн тусгал юм.
Эрсдэлийн хувьд:
-Монгол Улсын их хэмжээний гадаад өртэй, гадаад валютын нөөц нимгэн байгаа нөхцөлд цар тахал улам дордож, хилийн боомтууд урт хугацаанд хаагдаж, дэлхийн санхүүгийн нөхцөл улам чангарч байгаа нь томоохон эрсдэл дагуулж байна.
-Цар тахлын улмаас улам даамжирсан санхүүгийн салбарын сул байдал нь төр, хувийн хэвшлийг гаднаас зээл авахад хүргэж, улмаар Монгол Улсын гадаад нөлөөнд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Мөн активын чанар эрс муудах нь банкуудын хөрөнгөд нөлөөлж, сэргэлтийг удаашруулж болзошгүй. Мөн Монголын банкны салбарыг эмзэг байдал санаа зовж буйгаа илэрхийлээд ирэх онд банкуудын IPO гаргах ажилд нухацтай хандаж, шаардлагатай бол хойшлуулахыг зөвлөжээ. 2021 оны эцсийн байдлаар банкуудын активын чанарт дахин үнэлгээ хийж, балансын ил тод байдал, хөрөнгийг эцэслэн шалгах нь зүйтэй.
-Эцэст нь, мөчлөг дагасан бодлого нь макро эдийн засгийн тогтвортой байдал болон өрийн тогтвортой байдлыг алдагдуулж, бусад томоохон эрсдэлүүдийг шийдвэрлэх бодлогын орон зайг хумьж, нийт эдийн засгийн сэргэлтийг сааруулж болзошгүй юм.