Мьянмарт төрийн эргэлт болж, эрх мэдэл цэргийнхний гарт шилжсэний дараа ард түмний эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, үүнд эмэгтэйчүүд багагүй үүрэгтэй оролцсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож дэмжсэн эмэгтэйчүүдийн хувьд хариу нь хүнд тусаж байгаа харамсмаар мэдээлэл ВВС цахим хуудаст нийтлэгджээ.
Тус улсад эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон хэргээр 10200 гаруй хүн баригдсан бөгөөд тэдний 2000 гаруй нь эмэгтэйчүүд байсан аж. Тэдгээр эмэгтэйчүүд хоригдож байхдаа сэтгэл санаа, бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа талаар уг нийтлэлд бичжээ. Тухайлбал, оны эхээр болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон хэргээр баригдан хоригдсон таван эмэгтэй дээрхийг үзэж туулсан байна.
Цэргийнхэн төрийн эрхийг авсныхаа дараа эсрэг талынхаа хүмүүсийг ангуучилж, шүүхээр оруулалгүйгээр гэсгээн цээрлүүлэх ажиллагаа явуулсан байдаг. Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэг (AAPP) хэмээх байгууллагын гаргасан тооцоогоор, энэ оны арванхоёрдугаар сарын 8-ны байдлаар Мьянмарт дээрх гэсгээн цээрлүүлэх ажиллагааны золиос болж 1398 энгийн иргэн амиа алдсаны 93 нь эмэгтэйчүүд байжээ.
Дээр хэлсэнчлэн, төрийн эргэлтийн дараа 10200 энгийн иргэн баригдсаны 2000 гаруй нь эмэгтэйчүүд байсан бөгөөд тэдний найм нь хоригдож байхдаа нас барж, дөрөв нь байцаалтын төвд эрүүдэн шүүлтийн улмаас нас баржээ.