Гар утаснаас хамааралтай явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс газарт байрлуулдаг гэрлэн дохионы тоогоо нэмэгдүүлсэн тухай Сөүл хотын захиргаа өчигдөр мэдээлжээ.
Сүүлийн байдлаар тус хотын бүх 25 дүүргийн 1,200 орчим гарц ийм гэрлэн дохиотой болсноос Ганнам дүүрэг 138 дохиотой тэргүүлж буйг мэдээлсэн байна.
Явган зорчигчийн гарцын захад нэмэлт байдлаар суурилагддаг LED гэрлэн дохио нь гар утасны хэрэглээнд хэт автсан “смарт утасны зомби”-нууд гэгддэг хүмүүст зориулагдсан гэнэ. Сүүлийн үед хүмүүс гар утасны дэлгэцээ шагайж яваад осолд орох эрсдэл нэмэгдэж байгаа юм.
Иргэдийн ихэнх хэсэг уг шийдлийг таатай хүлээж авсан тул цаашдаа нэмэгдүүлэх, ялангуяа сургуулиудын орчмыг хамруулахаар төлөвлөж буй тухайгаа Сөүл хотын захиргаа мэдээлжээ.
“Нэмэлт гэрлэн дохиог суурилуулах анхны зорилго нь смарт утасны зомбинуудыг хамгаалах байсан бол хүүхдүүдийг замаас хол байлгахад бас тус нэмэртэй нь батлагдаж байна” гэж Ганнам дүүргийн төлөөлөгч ярьсан байна.