Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ард түмэндээ хандан “Украин улс хэнд ч өргүй. Бид хэнд ч юу ч өгөхгүй” гэж мэдэгдлээ.
Тэрээр мягмар гаригт төрийн мэдлийн телевизээр дамжуулан “Бид өөрсдийн эх орон, газар нутаг дээрээ байна. Тиймээс бид хэнээс ч айхгүй. Украин улс хэнд ч өргүй. Бид хэнд ч, юу ч өгөхгүй. Бас бид ийм юм болохгүй гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Мөн Владимир Зеленский Москва Украины зүүн хэсгийн Луганск болон Донецкийг тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрсөн явдлыг “Украины үндэсний бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдалд халдсан явдал” гэж тодорхойлсон байна. Түүнчлэн тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг, заналхийллийг үл харгалзан Украины хилийн халдашгүй байдал хэвээр байгаа. Украин улс олон улсын дэмжлэг, барууны холбоотнуудын тодорхой үр дүнтэй алхмуудад найдаж байна гэжээ.
Харин Владимир Зеленский ард түмэндээ хандан “Украин улс хямралыг тайван, итгэлтэйгээр даван туулах болно” гээд асуудалд эх орончоор хандаж байгаа иргэддээ талархал илэрхийлсэн байна.