Жил бүрийн тавдугаар сарын эхний Пүрэв гарагийг World Password Day буюу дэлхийн нууц үгний өдөр болгон тэмдэглэдэг.
Тэгвэл өчигдөр өглөө технологийн аварга компаниуд болох Apple, Google, Microsoft ойрын жилүүдэд өөр өөрийн платформуудыг нууц үггүй (passwordless) болгох шинэчлэлтийг нэвтрүүлэхээр санал нэгдээд байгаагаа мэдэгджээ.
Өөрөөр хэлбэл дээрх компаниудын эзэмшдэг Android, iOS, Chrome, Edge, Safari, Windows, macOS зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдэд нэвтрэхдээ нууц үг хэрэглэдэггүй болох юм байна.
Хэрэглэгчдийнхээ нууцлалыг илүү өндөр түвшинд хүргэсэн шинэ нэвтрэх системийг дээрх компаниуд хамтран хөгжүүлэхээр шийджээ.
Шинэ систем ирэх оноос ашиглагдаж эхлэх тухай тэд мэдээлсэн ч илүү дэлгэрүүлээгүй байна.
Сүүлийн жилүүдэд хүмүүс маш олон бүтээгдэхүүн, үйлчилгээнд олон зэрэг нууц үг ашиглах шаардлагатай болсон нь хувийн мэдээллийн аюулгүй байдлыг улам хүндрүүлж байгаа.
Мартахгүйн тулд хүмүүс санахад хялбар нууц үг сонгох, нэг ижил нууц үгийг олон үйлчилгээнд давхар ашиглаж байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа юм.
Тиймээс гар утас, имэйлээр нэвтрэх эрхийг давхар баталгаажуулах арга, хурууны хээ, царай, нүдний солонгон бүрхэвчээр таних биометрикийн аргууд өргөн хэрэглэгддэг болоод байна.