Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Засгийн газрын хуралдаан бүрд Хөгжлийн банкны зээлийн багц, эргэн төлөлттэй холбоотой мэдээллийг сонсож, тодорхой шийдвэрийг гаргаж явахаар болсон. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Хөгжлийн банкнаас зээл авсан төрийн өмчийн компаниудын зээлийн эргэн төлөлтийг хэрхэн барагдуулах талаар шийдвэр гаргах хүлээлттэй байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Засгийн газраас өрийн бичиг гаргах замаар төрийн өмчийн компаниудын Хөгжлийн банкнаас авсан зээлийн эргэн төлөлтийг барагдуулах хувилбарыг ярьж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн компаниудын ирээдүйд бий орлогыг нь дүйцүүлж хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахаар төлөвлөжээ.
Хөгжлийн банкны мэдээлснээр, төрийн өмчит болон хувийн хэвшлийн 12 томоохон зээлдэгчийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх тодорхой саналыг яаманд хүргүүлсэн. Эдгээр зээлдэгчдэд нийт 1.2 их наяд төгрөгийн багц зээлийн асуудал байгаа юм байна.