Прокурорын тухай хуулийг Ц.Нямдорж сайдад зориулж өөрчлөх гэж байна гэх хардлага нийгэмд үүсчээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагалдах хуулийн төсөлд Прокурорын тухай хуулийн өөрчлөлтийн төсөл багтсан байна. Прокурорын тухай хуулийн өөрчлөлтийн төслөөр “Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсгийн “прокурорын” гэснийг “Монгол Улсын иргэнийг” гэж өөрчилсүгэй” гэжээ. Одоо мөрдөгдөж буй Прокурорын тухай хуулийн 45.4 дэх хэсэгт “Хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таван насанд хүрсэн прокурорыг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно” гэж заасан юм. Энэхүү өөрчлөлтөөр “прокурор” гэснийг “иргэн” болгосноор улстөрчдийг Ерөнхий прокуророор томилох боломж бүрдлээ гэх хардлагыг олон нийтэд төрүүлж байна.
Энэ талаар хуульч Б.Мэргэн “Энэ хууль батлагдаад үнэхээр Ц.Нямдорж Улсын ерөнхий прокурор болвол манай улс утгаараа дарангуйллын зам руу орно шүү. Зүгээр баттай. Хэчнээн хүн хэлмэгдүүлж, хэчнээн хүн барьж хорьж, тохироо наймаа хийх бол гэдэг нь төсөөлөгдөж байна. Хэрэв батлагдвал Цэцэд өгөх арга замаа л хайна даа” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Мөн УИХ-ын гишүүн, хуульч Б.Энхбаяр news.mn сайтад өгсөн тодруулгадаа “Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд тавигдах шаардлагад хязгаарласан заалтууд байхгүйн улмаас АН-ын дарга байсан Д.Дорлигжав Ерөнхий прокурор болж байсан. Прокурор бол шүүх эрх мэдлийн бүрэлдэхүүн хэсэгт ордог. Шүүх эрх мэдэл улс төрөөс ангид, хараат бусаар үйл ажиллагаа явуулах учиртай. Тиймээс улс төрийн албан тушаал хашиж байсан хүмүүс шүүх эрх мэдлийн оройд залардаг байж таарахгүй гэдэг үндэслэлээр тус заалтыг оруулж байсан юм. Улс төрийн албан тушаал хийж байсан хүн очихоор улс төрийн өшөө авалт хийдэг. Улс төрийн зорилгоор ашиглаж, хуулийн хонгил бий болгодог. Ийм эрсдэл байгааг нотолчхоод байна. Тиймээс хуулийн хаалт хийж өгсөн. Уг хуулийн хаалтыг зөв гэж боддог” гэсэн байна.