Цагдаагийн албан хаагчид өчигдөр буюу 2022.06.09-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байсан сэтгүүлчийн биед халдсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тухайн үед цагдаагийн алба хаагчид сэтгүүлчийн камерыг унтрааж байгаад албадан авч явахдаа биед нь удаа дараа халдсан байна. Уг асуудлын талаар Gerelnews.mn сайтын сэтгүүлч Г.Гэрэлмаа мэдээлэл хийлээ.
Тэрээр, “Өчигдөр шөнө цагдаагийн байгууллагад бүх зүйлээ хураалгаж, хэнтэй ч холбогдож чадахгүй маш хүнд байдалд орсон. Эмнэлгийн тусламж хэрэгтэй байна. Өмгөөлөгч рүүгээ ярих гэхэд хэнтэй ч харилцаа үүсгэх боломжгүй болгосон. Намайг Зайсангаас баривчилж цагдаагийн байгууллагад авчирсан. Тэнд би ажил үүргээ гүйцэтгэж явсан. Мэдээллийг өөрийн Gerelnews.mn мэдээллийн сайтаар шууд дамжуулалт хийж байсан. Гэвч цагдаагийн байгууллагаас “Шууд дамжуулалтаа зогсоо, үгүй бол чамайг ачина шүү” гэх байдлаар хандсан. Мөн камер, микрофон, утсыг маань маш олон цагдаа хоорондоо дамжуулан булааж аваад өгөхгүй байсан. Утас булааж авахдаа шууд дамжуулалт хийсэн баримт бичлэгийг устгасан. Ямар үндэслэлээр намайг баривчилж байгаа юм гэхэд “Та согтуу байна, хууль бусаар бичлэг хийсэн” гэх шалтгаанаар хандсан. Мөн хүнгүй газар арав гаруй удаа биед минь халдсан. Надад тусламж гуйх хүн байгаагүй. Би нэг ч гэсэн хүн намайг хараасай, сонсоосой гэж зөндөө орилсон. Миний амыг гараараа таглаж “Чи чаддаг юм бол хашхир, уйл” гэсэн. Пургон руу арав гаруй цагдаа ачих гэж хүчилсэн. Нэг мэдсэн пургоны шалан дээр уначихсан байсан. Хаашаа авч явж байгааг асуухад “Согтуу авгай минь чимээгүй бай” гэсэн. Зургаан цагийн турш огт эмнэлгийн үйлчилгээ үзүүлээгүй, хэнтэй ч утсаар яриулаагүй. Шөнө намайг суллаад явуулаач гэсэн чинь “Чаддаг юм бол иргэдээ дуудаач. Чамайг хамгаалах хэн байгаа юм. Чаддаг юм бол хэвлэлийнхнийгээ дуудаач” гэж даапаалж байсан.
Энэ цагдаа нар нь Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаагийнхан. Мөн мөрдөн байцаах газрын дарга нь “Чи гомдол гаргах ямар шаардлага байгаа юм” гэж загнуулаад гарч ирсэн. Намайг согтуу гээд байсан цагдаагийн машинаас буугаад үлээлгэхэд тэг хувьтай гэж гарсан зураг байгаа. Камер асаахаар цагдаа нар бүгд шударга болчихдог. Камераа унтрахаар яагаад ийм харгис болчихдог юм. Мөн гэмтлийн зэрэг тогтоолгохоор шүүх шинжилгээний байгууллагад хандана гэлээ.
Мөн сэтгүүлчийн биед халдсан асуудлаар МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа: Сэтгүүлчийн мэргэжлийн хууль ёсны үйл ажиллагааг цагдаагийн албан хаагч хүчээр саатуулж, биед нь халдан баримтыг устгаж байгаа энэ явдал анхны тохиолдол биш юм. Яг жилийн өмнө бид нар цагдаагийн албан хаагч сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажилагааг таслан зогсоож, биед нь хүч хэрэглэсэн асуудлаар ЦЕГ-ын дарга Ж.Болд болон Хууль зүйн сайд Х.Нямбаатар нарт хандаж байсан.
Харин өчигдөр сэтгүүлчийг сурвалжлага хийж байсан газраас нь хүч хэрэглэн холдуулж, мэдээлэл дамжуулж байсан хэрэгслийг таслан зогсоож, гар утас болон бүх камер хэрэгслийг хурааж авсан байна. Түүнчлэн, цагдаагийн газар сэтгүүлчийг удаан хугацаагаар саатуулж энэ хооронд сэтгүүлчийн шууд дамжуулалтын мэдээллийг устгасан. Энэ үйл явдал бол хууль бус. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар сэтгүлчийн нийтэлж, нэвтрүүлж байгаа мэдээллийн агуулгад төрийн хүчний байгууллагаас хяналт тавихыг хориглосон байдаг. Энэ хуулийн заалтыг зөрчсөн байна. Хоёрт, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах эрүүгийн хуулийн заалтыг зөрчиж байгаа юм. Бид нар өнгөрсөн жил болсон хэрэг дээр холбогдох удирдлагуудад нь албан бичиг хүргүүлэхэд явуулсан бичгийн хариуд ЦЕГ-ын дэд дарга О.Амарсанаа дарга өөрсдийн албан хаагчдын үйлдлийг хуульд нийцсэн гэж хариу өгч байсан. Энэ бол байж болохгүй явдал юм. Цагдаагийн албан хаагч нар хэв журам сахиулахдаа мэдрэмжтэй байх хэрэгтэй байна” гэлээ.