“АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ЛОББИ ОРСОН НЬ АЖИГЛАГДАЖ БАЙНА”
-Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн долоо хоногт мөнгөний бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэсэн. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Бодлогын хүү 10 болсон. Мөнгө таталт явагдаж байгаа л даа. Зах зээлд мөнгө багасна гэсэн үг. Өнөөдрийн инфляци, мөнгөний ханшийн уналт өнгөрсөн жил “10 их наяд” хэвлэсэнтэй холбоотой. Түүний сөрөг үр дагавар одоо илэрч байна. Бодлогын хүү нэмсэн нь арилжааны банкуудад маш их ашигтайгаар тусч байна. Яагаад вэ гэвэл, арилжааны банкны жилийн хадгаламжийн дээд хүү 9 хувь, дундаж хүү 5-6 хувь байна. Үндсэндээ хадгаламжийн хүүд өгөх мөнгийг Төв банкны үнэт цаасаар буюу татвар төлөгч бидний мөнгөөр санхүүжүүлэх бололцоо нээгдэж байгаа юм.
-Төв банк бодлогын хүүг ойр ойр нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байгаа нь хэр зохимжтой гэж та үзэж байна вэ?
-Дэлхий нийтэд бодлогын хүүгээ нэмэгдүүлэх хандлагатай байна. Гэхдээ нэгд, манай улсад арилжааны банкуудын лобби орсон нь ажиглагдаж байна л даа. Хоёрдугаарт, арилжааны банкууд хувьцаа гаргах зорилгоор зээл гаргахгүй байна. Активаа сайн харагдуулахын тулд зээл өгөхгүй байна гэсэн үг. Цар тахлын хүндрэлийн дараа мөнгөөр гацаах нь бас тийм сайн шийдвэр биш.
-Зарим эдийн засагчид бодлогын хүүг илүү өндөр хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлж байна. Та санал нийлэх үү?
-Үгүй яах вэ, Турк, Европын улсуудыг дуурайж 15-20 хувь хүртэл нэмэгдүүлж болно гэж үзэх хүмүүс байна. Манай эдийн засагт арай өөр хувилбар дээр болов уу.