Украины фронтод хүлээсэн хохирлынхоо талаар Чеченийн удирдагч Рамзан Кадыров хүлээн зөвшөөрсөн нь ховор тохиолдол байлаа.
“Энэ долоо хоногийн эхээр Херсон мужид тулалдаж байгаа Чеченийн нэг хороо их бууны цохилтод өртлөө. Манай 23 дайчин алагдаж, 58 хүн шархадсан байна” гэж тэр Пүрэв гарагийн орой Телеграм хуудсандаа бичжээ.
Энэ нь нэг өдрийн дотор амссан томоохон хохирол болохыг Кадыров онцолсон байна.
Украины арми энэ долоо хоногийн эхээр Херсонд байлдаж буй Чеченийн хороог их бууны галын дэмжлэгтэй байрлалаас нь ухраасан тухай мэдээлж байжээ.
ОХУ-ын эрх баригчид Украинд амссан хохирлынхоо талаар тоо баримтыг зарлахгүй байгаа. Тиймээс Кадыровын мэдэгдэл ховор үйлдэлд тооцогдож байна.
Энэ үеэрээ тэр Украины дайнд явахыг нутаг нэгтнүүддээ уриалж байжээ. Кадыров бол Украины дайныг эхнээс нь талархан дэмжиж байсан хүмүүсийн нэг юм.
Гэхдээ тэр сүүлийн үед Оросын армийн удирдлагуудын урагшгүй байдлыг хатуу шүүмжлэгч болоод байгаа. Украины фронтод илүү хатуу харгис байлдааны тактик хэрэглэхийг, бүр цөмийн зэвсэг хэрэглэхийг хүртэл тэр Оросын эрх баригчдад уриалж байжээ.
ikon.mn