АНУ ДЭМБ-аас албан ёсоор гарлаа

АНУ ДЭМБ-аас албан ёсоор гарлаа

АНУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарах үйл явцыг эцэслэн дуусгасан гэдгийг Эрүүл мэнд, хүний үйлчилгээний яам Пүрэв гаригт /2026.01.22/ мэдэгдлээ. Трамп 2025 онд албан тушаалаа хүлээж авсан эхний өдрөө л АНУ-ыг ДЭМБ-аас гарах үйл явцыг эхлүүлэх тухай тушаалд гарын үсэг зурсан.

ДЭМБ-ыг 1948 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш АНУ гишүүн нь байсан. Тус байгууллага нь НҮБ-ын харьяа мэргэшсэн агентлаг бөгөөд өвчний тандалт, дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээ зэргээр дэлхий нийтийн хэмжээнд эрүүл мэндийн хүчин чармайлтыг зохицуулах үүрэгтэй.

ДЭМБ Covid-19 цар тахлыг сайн зохицуулаагүй, бусад улс оронтой харьцуулахад АНУ хамаагүй өндөр төлбөр төлдөг зэрэг шалтгааныг Трамп дурдаж буй. Тодрулбал, АНУ ДЭМБ-ын үйл ажиллагааны 25 хувийг санхүүжүүлдэг атал хэзээ ч тус байгууллагыг даргалж байгаагүй аж.

“ДЭМБ Covid-19 цар тахлын эхэн үед эрүүл мэндийн онц байдлыг эртхэн зарлаагүй. Энэ нь вирус тархахын хэрээр дэлхий нийтийг хүнд байдалд оруулсан. Тухайн үед ДЭМБ-ын удирдлагууд нотлох баримтуудыг үл харгалзан Хятадын хариу арга хэмжээг дэмжиж, сайшаасан” гэсэн байр суурийг Эрүүл мэнд, хүний үйлчилгээний яам илэрхийлжээ. АНУ ДЭМБ-аас гарсан ч гэлээ олон нийтийн эрүүл мэндийн асуудал дээр дэлхийн тэргүүлэгч хэвээр үлдэнэ гэдгийг мөн хэлж байна.

Show Comments (0) Hide Comments (0)
Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *