Өчигдөр МАН-ын бага хурал хуралдаж гэрээгээ зөрчсөн Ардчилсан намтай хамтрахгүй байх шийдвэрийг гаргав. Хамтарсан ЗГ-т Ардчилсан нам гэхээсээ илүү Женко Баттулга өөрийн хүмүүсээ сайд болгож, бас ЗГ-ын агентлагуудад, Төрийн өмчит томоохон компаниудад хяналтын менежер хэмээх албан тушаалд томилуулж маш их нөлөөтэй байсныг хэт даварч байна гэж МАН үзсэн бололтой. Энэ үйл явдал нь Ерөнхийлөгчийн сонгууль ойртож буйг ч илтгэж байна.
Энэ шийдвэр гарсанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГ-ын тэргүүний ажлаа хүлээлгэн өгнө гэж мэдэгдэж шинэ Ерөнхий сайд, шинэ ЗГ-ын бүрэлдэхүүний талаар элдэв таамаглал, амбицууд хөвөрч байна.
Засгийн газар ингэж доргиход дан ганц Ерөнхий сайдын хүү, бэрийн тансаглал нийгэм улс төрийг ингэтэл нь халаасан уу гэвэл бас үгүй… Хамтарсан Засгийн Газар байгуулагдаад 1 жил ч хүрэхгүй энэ хугацаанд улсын хөгжлийг урагшлуулах гэхээсээ илүү эрх мэдлийн хуваарилалт, сандал суудал, хий хоосон амлалтуудаараа олон нийт, залуусын тэвчээрийн хязгаарыг тасалж нөхцөл байдал ийм дээ тулсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэдэн сарын өмнө ЗГ-т ачааны хүндийг үүрч байгаа ч хүн байна, амиа бодсон бэртэгчингүүд ч байна гэж бухимдлаа илэрхийлж байв. Уул нь түүхэндээ анх удаа ЗГ-аа өөрөө бүрдүүлж, бас сайд нартаа ч хариуцлага тооцох эрх мэдлээ энэ цаг үед л хэрэгжүүлж амиа бодсон бэртэгчин сайд нартаа хариуцлага тооцож чадсан бол нөхцөл байдал өөр байх байсныг үгүйсгэх аргагүй юм.
Энэ БЭРТЭГЧИН САЙД нарын нэгдүгээрт Эрчим хүчний сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН эрэмблэгдэнэ.
“Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хэмээх хамтарсан засгийн газрыг гараан дээр нь чөдөрлөсөн шийдвэрүүдийг Б.Чойжилсүрэн ар араас нь гаргаж байв. Эрчим хүчний реформ хийж энэ салбарт зах зээлийн жишгээр үнэ чөлөөлнө гээд цахилгааны үнийг худал, хулгайн аргаар 80 гаруй хувиар нэмэв. Худал хулгайн аргаар гэсний учир нь эхлээд 30 хувиар нэмнэ гэсэн ч яг амьдрал дээр нэмэгдэл нь 80 гаруй хувь байсан, бас хэрэглээ бага бол нэмэгдэл нь бага, харин үйлдвэр, үйлчилгээ явуулдаг эрчим хүчний хэрэглээ өндөртэй хувь хүн, аж ахуй нэгжүүд бүүр илүү нэмэгдэлтэй үнэ төлдөг дэлхийн хаана ч байхгүй харгис зарчимаар нэмсэн байв. Уул нь зах зээлд энгийнээр бөөний үнэ гэдэг ойлголт энд байх ёстой байсан гэж хуульч, мэргэжилтнүүд шүүмжлэдэг.
Энэ харгис шийдвэрүүдээ салбарын бодлого тодорхойлогч сайд Б.Чойжилсүрэн өөрийнхөө нэр нүүрээр биш харин Эрчим хүчний реформын үндэсний хороо гэх ХҮН-ын дарга Т.Доржхандаар ахлуулсан МАН, АН, ХҮН-ын тус бүр 3 гишүүдээс бүрдсэн хорооны нэрээр хамаг бохир ажлаа буюу улс төрийн галыг нь атгуулав. Шинэ залуу улс төрчдийг урдаа барьж ялыг нь үүрүүлж байгаа заль, муу санааг нь хожим ойлгосон С.Цэнгүүн гишүүн сүүлд Чойжилсүрэн сайдыг зад шүүмжлээд үндэсний хорооноос гарч байгаагаа мэдэгдэж байв.
Эрчим хүчний үнийг нэмэх шийдвэрээ анх зарлахад нь олон нийт үндэслэл, судалгаа, хүрэх үр дүнг нэхэхэд тодорхой хариултгүй тэрээр шийдвэрээ хойшлуулж байсан ч чив чимээгүй хэвлэл, олон нийтэд мэдээлэл өгөлгүй 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс нэмэгдсэн үнээр улс даяар цахилгааны төлбөрийг бодож эхэлсэн байдаг.
Энэ шийдвэрээ тэрээр эрчим хүчний зохицуулах хороо хэмээх харъяа агентлагруугаа чихэж өөрөөсөө бултуулаад өнгөрсөн.
Б.Чойжилсүрэнгийн энэ буруу бодлого айл өрх, аж ахуй нэгжүүдэд хүндээр тусаж байсан ч жинхэнэ хор уршиг нь 3 сарын дараагаас Монгол Улсын эдийн засагт маш том сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн юм. 2025 оны 3 сарын эхээр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийж мөнгөний бодлогын хүүг 2 нэгж хувиар огцом нэмж 12 хувьд хүргэж байгааг зарлав. Ингэж огцом нэмэх болсон үндэслэл нь 2025 оны эхний саруудад инфляци төв банкны зорилтот түвшинг давж 9.7 хувьд хүрсэн гэв. Харин инфляци ингэж нэмэгдсэн гол шалтгаан нь цахилгааны үнийн өсөлт, түүний дам нөлөө гэж онцлоод, 2025 оны 5 сард дулааны үнийг ч бас нэмэх шийдвэр ЗГ-аас гаргасан тул инфляци 2 оронтой тоог хол давна, дагаад мөнгөний бодлогын хүү ч нэмэгдэнэ гэв.
Иргэд аж ахуй нэгжүүд үнийн өсөлт, өвдөлтийг даагаад явж байгаа ч эрчим хүчний салбарт ямар дэвшил гарч байгаа нь одоо ч тодорхойгүй хэвээр байна. Эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох ажлууд бүгд зогсонги байдалтай, зардалаа хэмнэх ямар ч үг үйлдэл байхгүй харин эдийн засаг дам нөлөө нь Монголчуудад асар хортой тусаж байна.
МАН-д мерит зарчим биш хэн том хандив өгсөн нь дуртай сайдын суудлаа хэдэн ч жил, хэдэн ч засгийн газарт аваад тухлаад байдаг үзэгдлийн тод жишээ нь энэ Б.Чойжилсүрэн юм. Энэ олигархиудын жагсаалт одоогийн зам тээврийн сайд Дэлгэрсайхан, Батлан хамгаалахын сайд Бямбацогт гээд үргэлжилнэ. Эд улс эх орны ашиг сонирхолыг нэн тэргүүнд тавьж чаддаг билүү?
Тэхээр алдаанаасаа суралцаж, урагшлая гэвэл олигархиудаасаа салах сорилт Монгол Ардын Нам, түүний шинэ удирдлага, шинэ ЗГ-ын тэргүүний өмнө хүлээгдэж байна…