Арванхоёрдугаар сарын 3-ны орой БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль цэргийн дэглэмд шилжих онц байдал зарлаж, удалгүй парламентын гишүүдийн хоригоор шийдвэрээ цуцалсан.
Цэргийн дэглэм нь иргэний эрхийг түдгэлзүүлж, цэргийн удирдлагад шилжихийг хэлнэ. Ерөнхийлөгчийн гэнэтийн шийдвэр 24 цаг ч хүрэлгүй цуцлагдсан ч олон зуун хүн Үндэсний Ассамблейн гадаа цугларч эсэргүүцлийн жагсаал хийв.
Онц байдлын дэглэмийг цуцлах тухай шийдвэр гарсныг жагссан иргэд баяр хөөртэйгөөр хүлээн авсан юм.
БНСУ-ын ард иргэд эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлсийнхээ төлөө цуцашгүйгээр тэмцэж нийгэм, улс төрд нь тодорхой хэмжээнд нөлөө үзүүлсэн олон хөдөлгөөнийг өрнүүлж байсан. Тус улсын түүхэнд болж, амжилттай үр дүнд хүрч байсан эсэргүүцлийн жагсаал цуглаануудаас танилцуулж байна.
Дөрөвдүгээр сарын 19-ний хувьсгал /1960 он/
Энэ хувьсгалын хөдөлгөөнөөр анхны Ерөнхийлөгч И Сингман болон түүний дарангуйллын дэглэмийг түлхэн унагасан гэдэг. Японы колоничлолын дараа Өмнөд Солонгос 1948 онд анхны сонгуулиа хийж, Үндсэн хуулиа баталсан.
Энэ үеэр анхны Ерөнхийлөгчөөр И Сингман тодорсон бөгөөд 1948-1960 оны хооронд 12 жил төрийн эрх барьсан юм. Түүнийг хууль бусаар төрийн эрх барьж байна хэмээн ард түмэн эсэргүүцсэн. Тэрээр БНСУ болон БНАСАУ-ын хоорондын “Солонгосын дайн”-ыг эхлүүлсэн. Мөн олон мянган хүнийг шүүхийн тогтоолгүйгээр хороосон хэрэгт буруутгагджээ.

Ард иргэдийн эсэргүүцэл хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхэлсэн бөгөөд сонгуулийн өдөр буюу гуравдугаар сарын 15-нд Масан хотод томоохон хэмжээний жагсаал цуглаан болж Сөүл, Инчон, Сувон зэрэг бусад хотыг мөн хамарчээ.
Дөрөвдүгээр сарын 19-нд Ерөнхийлөгч И гал нээж, цэргийн дэглэмд шилжих шийдвэр гаргасан. Гэсэн ч иргэд бууж өгөлгүй тэмцсээр байсны дүнд мөн сарын 26-нд нь И Сингман Ерөнхийлөгчийн суудлаа өгч буйгаа мэдэгдсэн байна.
Гванжугийн тэмцэл /1980 он/
1980 оны тавдугаар сарын 18-27-нд томоохон тэмцэл болсон нь “Гванжугийн тэмцэл” юм. Иргэд “цэргийн дарангуйллыг тэвчихгүй” хэмээн жагсаж байв. Хэдийгээр уг жагсаалыг хүчирхийлэл, дарангуйллаар зогсоож, амжилтад хүрээгүй ч ардчиллын төлөөх тэмцлийн гол үе байсан гэж үздэг.

Тухайн үеийн Засгийн газар олон иргэний жагсаалыг цэргийн хүчээр ердөө хоёр цагийн дотор тараасан гэж тэмдэглэжээ. Энэ үеэр 200 гаруй хүн амиа алдсан гэж албан мэдээнд дурдсан байдаг ч Гванжу хотын иргэдийн мэдээллээр 2000 орчим хүн амиа алдсан гэдэг.
Зургаадугаар сарын бослого /1987 он/
Энэ тэмцлийн үр дүнд ард иргэд нь Ерөнхийлөгчөө шууд сонгох боломжтой болсон. 1987 оны дөрөвдүгээр сард сонгуулийг шууд бусаар буюу ард иргэдийн саналаар бус сонгох хуулийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Үүнийг эсэргүүцсэн иргэд “Дарангуйллыг зогсоо”, “Ардчиллын төлөө тэмц” хэмээн зургаадугаар сарын 10-29-ний өдрүүдэд зогсолтгүй тэмцсэний дүнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийг ард иргэдийн саналаар сонгодог болжээ.
Энэ хөдөлгөөн БНСУ-ын ардчилалд маш том нөлөө үзүүлсэн гэдэг. Улмаар тус онд Ерөнхийлөгчийг ард иргэд нь сонгоод зогсохгүй, анх удаа эмэгтэй хүн нэр дэвшсэн сонгууль болж байв.
Лаатай жагсаал /2016-2017 он/
Улс төр, авлигыг эсэргүүцэж эхэлсэн энэ жагсаалын үр дүнд Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гён Хи огцорсон байдаг. Гурван сар үргэлжилсэн энэ жагсаалд улс орон даяар 16 сая хүн нэгдсэн бөгөөд БНСУ-ын түүхэнд хамгийн олон хүн оролцсоноороо дээд амжилт тогтоосон.

Пак Гён Хиг авлига, хээл хахуулийн хэргээр буруутгаж, ял оноосон. Анхлан Пак Гён Хигийн дотнын найз Чой Сон Шилийн охин их сургуульд элсэлтийн шалгалтгүйгээр орж, хичээлдээ суудаггүй ч өндөр үнэлгээ авч байсныг илрүүлснээр оюутнууд эсэргүүцэн жагссан юм.
Мөн найз Чойг Ерөнхийлөгчтэй дотно харилцаагаа ашиглан компаниудыг өөрийнх нь удирддаг ашгийн бус сангуудад олон сая воны хандив өгөхийг дарамталсан гэж үзсэн. Харин Ерөнхийлөгч Пакийг үүнд нь биечлэн оролцож, найздаа албан бичиг баримтуудыг зөвшөөрөлгүйгээр танилцуулсан хэмээн буруутгасан.

Хамгийн олон хүн нэгдсэнээс гадна хүч, түрэмгийлэл хэрэглээгүй, тайван замаар мөн бүх насны ангиллын хүмүүс оролцсон жагсаал болж байв.

ЭХ СУРВАЛЖ: www.gogo.mn