2024 онд цахилгаан автомашины нийт нийлүүлэлтийн 65 хувийг БНХАУ бүрдүүлнэ.
2024 онд олон улсын цахилгаан автомашины нийлүүлэлт тооцооллоос өндөр буюу 26 хувиар өсөж, 17.2 сая нэгжид хүрэх төлөвтэйг “Bloomberg NEF” тооцооллоо. Өмнөх таамгаа гурван нэгж хувиар өсгөхөд БНХАУ, БНСУ-ын нийлүүлэлт эрчимжиж байгаа нь голлон нөлөөлсөн байна.
Харин энэ онд Европт цахилгаан автомашины борлуулалт есөн хувиар буурна гэж тооцоолсон байна. Европын зарим үйлдвэр хааж, шинэ загварууд хоцрогдолтой байсан зэрэг нь голлон нөлөөлнө гэж тодотгож байв.
2024 оны дэлхийн нийт цахилгаан автомашины нийлүүлэлт одоогоор 11.1 сая нэгж хүрэхээр байгааг “Bloomberg NEF” онцоллоо. Үүнээс энэ оны эцэс гэхэд БНХАУ нийт нийлүүлэлтийн 65 хувийг бүрдүүлэх төлөвтэй байгаа аж.
Энэ оны III улирлын байдлаар БНХАУ-ын суудлын цахилгаан автомашины борлуулалт өмнөх оны мөн үеэс 41 хувиар өсөж, 3.1 сая гаруй нэгж болоод байна.