Өнөөдөр Монголын цахим сүлжээнд хурдацтай тархаж буй мэдээ бол гарцаагүй Apple Pay нэвтэрсэн тухай мэдээлэл. Монголчууд бидний хувьд олон улсын төлбөр тооцоо гэдэг хэдийнээс л шүдний өвчин байсаар ирсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд олон төрлийн сонголтууд бий болж, эцэстээ ийнхүү Apple Pay хэмээх аварга тоглоомд нэгдлээ.
Apple Pay Монголд нэвтэрсэн даруйд миний бие картаа холбож байгаад оффисын ойролцоох CU, GS25 ороод тооцоо хийж үзэв. Гайхалтай! Секунд ч хүрэхгүй хугацаанд ямар ч нэмэлт шимтгэлгүй, зөвхөн утсаа “хүргээд” л тооцоо хийж болж байна. Ямар ч доголдол, хүлээлэг байсангүй. Магад миний амьдралдаа хийж байсан хамгийн хурдан төлбөр тооцоо байх.

Яагаад Apple Pay аварга вэ?
Apple хэмээх технологийн гигант компанийн цахим түрийвч болох Apple Pay нь энгийнээр гар утсаа карт болгон ашиглах боломжийг олгодог, цахим түрийвчний үйлчилгээ юм. Гар утсаараа төлбөр тооцоо хийнэ гэхээр бидний толгойд ихэвчлэн хүлээн авагчийн дансны дугаар, шилжүүлэг мөнгөн дүн, баталгаажуулах нууц үг зэрэг хэд хэдэн үйлдэл орж ирдэг. Харин Apple Pay-ийн хувьд яг л төлбөрийн картууд шиг NFC буюу ойрын зайнаас мэдээлэл дамжуулдаг технологийг ашигладаг тул дурын дэлгүүрийн ПОС машин руу iPhone утсаа эсвэл Apple Watch цагаа ойртуулахад л хормын дотор тооцоо хийгдэх юм.
Өнгөрсөн оны байдлаар дэлхий дахинаа 1.6 тэрбум хэрэглэгч Apple-ийн үйлдвэрлэсэн iPhone утастай, 100 сая гаруй хэрэглэгч Apple Watch цагтай байжээ. Эндээс Apple Pay ямар том дэд бүтэцтэй төлбөрийн шийдэл вэ гэдэг нь харагдана. Тиймдээ ч 2022 онд л гэхэд 6 их наяд долларын гүйлгээ тэднээр дамжиж байжээ.

Яаж Apple Pay-ийг ашиглах вэ?
Гол асуудалдаа оръё. Аливаа технологийн дэвшил цаасан дээр яаж ч гоё харагдаж болно. Хамгийн гол нь бодит хэрэглээ. Apple Pay аргагүй олон улсын бүтээгдэхүүн гэсэндээ ашиглахад ямар ч төвөг байсангүй. Хэрэглэгч та iPhone утасныхаа Watch апп руу ороод баруун дээд буланд байгаа + товч дээр дарж ХХБ болон Голомт банкны картаа холбоно. Ийм л амархан.

Та ПОС машин буюу карт уншдаг дурын үйлчилгээний байгууллага руугаа ороод картаар төлөх сонголтыг хийж, Wallet апп нээлттэй утсаа ПОС машин руу ойртуулахад л төлбөрийг таньж, FaceID эсвэл хурууны хээгээр баталгаажуулан тооцоо хийгдэнэ. Хэрэглэгчээс ямар ч шимтгэл, хураамж авахгүй. Мэдээж төлбөр тооцооны хуулга, байршил зэрэг бусад мэдээллээ харах боломжтой.

Apple Pay-ийн давуу талууд
Минимал: Юун түрүүнд над шиг түрийвч авч явах дургүй хүмүүст гар утсаараа тооцоо хийх нэгэн сайхан боломж юм. Түүнээс гадна үндсэн бүтээгдэхүүний хувьд ердөө хоёр үйлдэл хийгээд л тооцоо хийж болохоор загварчилсан тул хэрэглэхэд нэн тааламжтай аж.
Нууцлал: Apple Pay таны картын мэдээллийг хадгалахгүй, цааш дамжуулахгүй тул аюулгүй байдалдаа санаа зовох хэрэггүй. Ялангуяа цахим төлбөр тооцоо хийх үедээ тухайн веб бүрд төлбөрийн мэдээллээ оруулахгүй гар утсаараа л тооцоо хийгээд байж болох нь.
Хүртээмж: Өдгөө дэлхийн 80 гаруй улсын үйлчилгээ үзүүлэгчид Apple Pay-ийг төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрөөд байна. Түүнчлэн NFC буюу тун нийтлэг технологийг ашигладаг бүх ПОС дээр уншуулах боломжтой гэдэг утгаараа Apple Pay-тэй байхад та төлбөр тооцооны тал дээр барагтай л асуудалд орохгүй.
Боломж. Apple Pay-ийг зөвхөн Монголдоо бус дэлхийн олон улсад ашиглаж болно. Нэмээд заавал олон улсын карт биш дотоодын төгрөгийн картаа ч холбож болох учраас гадаадад явж байхдаа валют солино, олон улсын гүйлгээ хийнэ гэж зовох шаардлагагүй. Яг л эх орондоо төлбөр тооцоо хийж буй мэт хялбархан байх болно. Түүнээс гадна Монгол Улсад ирэх дэлхийн олон зуун мянган жуулчид манай улсын үйлчилгээний газруудад ямар ч саадгүй тооцоо хийж болох юм. Гайхалтай биш гэж үү?
