АНУ-д Хятадын Засгийн газрын өмнөөс “нууц цагдаагийн газар” ажиллуулж байсан иргэн буруугаа хүлээжээ.
Тодруулбал 2022 оны эхээр Чен Жиньпин болон Лю Жяньван нар БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын яамны өмнөөс уг газрыг Манхэттэн дүүрэгт нээж, ажиллуулж эхэлсэн.
Гэхдээ мөн оны намар нь Холбооны мөрдөх товчооны шалгалтын ажиллагааны дараа уг төвийг хаасан байна.
Рамены газрын дээд давхарт үйл ажиллагаа явуулж байсан энэ газарт хятад иргэдийн жолооны үнэмлэхийг сунгах гэх мэт үйлчилгээ үзүүлдэг байсан.
Гэхдээ тэднийг АНУ-д амьдарч буй ардчиллын төлөөх идэвхтнүүдийг илрүүлэхэд Бээжинд тусалсан гэж холбооны байгууллага үзжээ.
Прокуроруудын хэлснээр Чен болон Лю нар мөрдөн байцаалт эхэлснийг мэдмэгцээ Олон нийтийн аюулгүй байдлын яамны албан тушаалтантай харилцсан зурвасуудаа устгасан байна.
Тэд АНУ-ын иргэншилтэй бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард баривчлагджээ. Харин лхагва гарагт 60 настай Чен буруугаа хүлээсэн байна. Түүнд тав хүртэлх жилийн хорих ял оноож магадгүй аж.
АНУ-ын Хууль зүйн яам нууц цагдаагийн газар ажиллуулах оролдлогыг “Америкийн тусгаар тогтнолд ноцтой халдсан, нийгэмд аюул учруулсан” гэж үзэж байгаа гэв.
Хүний эрхийн байгууллагууд ийм төрлийн “нууц цагдаагийн газар”-ууд 50 гаруй оронд байгаа бөгөөд БНХАУ-ын Засгийн газар эдгээрээр дамжуулан гадаадад байгаа иргэдээ хянаж, дарамталдаг гэж үздэг.
Гэхдээ Хятадын талаас эдгээрийн цагдаагийн газар биш, хилийн чанад дахь иргэдэд захиргааны үйлчилгээ үзүүлдэг “үйлчилгээний төвүүд” гэж мэдэгдсэн байна.