АНУ-ын Венесуэлд өгсөн цохилтод дэлхий нийт хэрхэн хариулав

АНУ-ын Венесуэлд өгсөн цохилтод дэлхий нийт хэрхэн хариулав


АНУ Венесуэлд цэргийн цохилт өгсөнтэй холбоотойгоор олон улсын хамтын нийгэмлэгээс эсрэг, болгоомжлолтой, мөн хэсэгчлэн дэмжсэн байр суурь бүхий мэдэгдлүүд дараалан гарч байна. Улс орнуудын ихэнх нь олон улсын эрх зүй, НҮБ-ын дүрэм, бүс нутгийн тогтвортой байдлыг онцолж, хурцадмал байдлыг нэмэгдүүлэхээс зайлсхийхийг уриаллаа.

🇷🇺 ОХУ: “Зэвсэгт түрэмгийлэл”

ОХУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын үйлдлийг “Венесуэлийн эсрэг хийсэн зэвсэгт түрэмгийлэл” хэмээн тодорхойлж, “ямар ч үндэслэлгүй, буруушаах ёстой үйлдэл” гэж мэдэгдэв.

Тус яам “Латин Америк 2014 онд өөрийгөө энх тайвны бүс хэмээн зарласан. Венесуэл хувь заяагаа гаднын, тэр дундаа цэргийн оролцоогүйгээр өөрөө шийдэх ёстой” хэмээн онцолж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.


🇪🇺 Европын Холбоо: “Олон улсын эрх зүйг хүндэтгэх ёстой”

ЕХ-ны Гадаад бодлогын дээд төлөөлөгч Кая Каллас мэдэгдэл хийхдээ, ЕХ нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгааг онцлоод, “ЕХ нь Мадуро хууль ёсны легитим байдалгүй гэж үздэг ч ямар ч нөхцөлд олон улсын эрх зүй, НҮБ-ын дүрмийг хүндэтгэх ёстой” хэмээн мэдэгдэж, бүх талд хүлээцтэй байх-ыг уриаллаа.


🇮🇷 Иран: “Эсэргүүцэл үзүүлэх ёстой”

Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи АНУ-ын үйлдлийг шууд нэрлэн буруутгаагүй ч, “Дайсан улс орныг хүчээр тулган захирах гэж оролдвол түүний эсрэг бат зогсох ёстой” хэмээн мэдэгдэж, эсэргүүцэл, тэсвэр хатуужлыг уриалсан байна.


🇪🇸 Испани: “Эв зүйгээр шийдэхэд бэлэн”

Испанийн Гадаад хэргийн яам хурцадмал байдлыг намжаах, олон улсын эрх зүйд нийцсэн байдлаар асуудлыг шийдэхийг уриалж, энхийн, хэлэлцээний замаар шийдэл олоход зуучлахад бэлэн гэдгээ илэрхийллээ.


🇹🇹 Тринидад ба Тобаго: “Бид оролцоогүй”

Тринидад ба Тобагогийн Ерөнхий сайд Камла Персад-Биссессар тус улс Венесуэл дэх ямар ч цэргийн ажиллагаанд оролцоогүй, Венесуэлийн ард түмэнтэй энхийн харилцаагаа хадгална гэж мэдэгдэв.


🇩🇪 Герман: “Дүрэмд суурилсан дэг журам нурж байна”

Германы Христийн Ардчилсан Холбооны парламентын гишүүн Родерих Кизеветтер “АНУ 1945 оноос хойш тогтсон дүрэмд суурилсан олон улсын дэг журмаас татгалзаж байна” хэмээн шүүмжилж, энэ үйлдэл АНУ-д итгэх итгэлийг бүрмөсөн алдагдуулж болзошгүйг анхааруулав.


🇬🇧 Их Британи: Холимог байр суурь

Их Британийн Reform UK намын тэргүүн Найжел Фараж АНУ-ын үйлдлийг “олон улсын эрх зүйд нийцэхгүй” гэж үзсэн ч, “хэрэв Хятад, ОХУ-д дохио өгч чадвал эерэг талтай байж магадгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.


🇮🇹 Итали: “Хууль зүйн үндэсгүй түрэмгийлэл”

Италийн сөрөг хүчний удирдагч, Ерөнхий сайд асан Жузеппе Конте АНУ-ын үйлдлийг “олон улсын эрх зүйн ноцтой зөрчил” гэж нэрлэж, “хүчтэй нь хүссэнээ хийдэг ертөнцөд хэн ч аюулгүй байж чадахгүй” хэмээн мэдэгдэв.


⚖️ Олон улсын эрх зүйчид: “Хууль зүйн үндэслэл алга”

Их Британийн Chatham House судалгааны төвийн олон улсын эрх зүйн хөтөлбөрийн захирал Марк Уэллер “НҮБ-ын VII бүлгийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэх нь хууль бус” хэмээн мэдэгдэж, АНУ-ын тайлбарууд хууль зүйн үндэслэл болохгүй гэдгийг онцлов.


🇮🇩 Индонез, 🇧🇪 Бельги: Иргэдийн аюулгүй байдалд анхаарч байна

Индонез, Бельгийн эрх баригчид Венесуэл дэх иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахад анхаарч, энхийн зам, яриа хэлэлцээг нэн тэргүүнд тавих ёстойг онцолжээ.


АНУ-ын Венесуэлд өгсөн цохилт нь дэлхий дахинд олон улсын эрх зүй, бүс нутгийн тогтвортой байдал, АНУ-ын гадаад бодлогын чиг хандлагын талаар хурц маргаан үүсгээд байна. Ихэнх улс орон хүч хэрэглэх бус, дипломат замаар асуудлыг шийдэхийг уриалж байгаа нь анхаарал татаж байна.

0
Show Comments (0) Hide Comments (0)
Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *