Иргэд олон нийт Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг огцруулахыг шаардаж эхэллээ

Иргэд олон нийт Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг огцруулахыг шаардаж эхэллээ

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Увс аймгийн 100 жилийн ойд “Орон нутаг, улсын төсвөөс 22 тэрбум төгрөг зарцуулсан. Улаангомын Төв цэнгэлдэх орчмын тохижилт цахилгаан хангамж, төв замын гэрэлтүүлгийг шийдвэрлэхэд миний сайдын багцаас 2 тэрбум төгрөг гарсан” гэж хээв нэг ярив. 

Аймгийнхаа 100 жилийн ойг тэмдэглэхдээ нутгийн зөвлөлийн даргын хувиар ажилласан нь тодорхой. Тэгсэн атлаа мөнгийг нь сайдын багцаасаа гаргасан гэв. 

Сайд бүр ингээд дор бүрнээ тохижилтын ажил санхүүжүүлээд байвал юу болох вэ? Эсвэл сайдын багцыг сайдууд хүссэнээрээ захиран зарцуулах хязгаартай эрх мэдэлтэй юм уу? Энэ асуултад Сангийн сайд Б.Жавхлан, Б.Чойжилсүрэн нар хариулах биз. 

Харин олон нийтийн зүгээс Улаанбаатар хотыг хөлдөөх дээрээ тулчихаад татвар төлөгчдийн мөнгийг миний багц гээд дураараа дургиж, хууль зөрчсөн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг огцруулахыг цахим сүлжээд шаардаж эхлээд байна. 

Б.Чойжилсүрэн сайдын мэдэгдэлд олон нийт яагаад бухимдав?

Эрчим хүчний салбар аль ч улсын хөгжилд маш чухал үүрэгтэй. Эмнэлэг, сургууль, үйлдвэрүүд гээд эрчим хүчийг бүх салбарт, хүн бүр  цаг минут бүрд хэрэглэж байдаг. Гэтэл манай эрчим хүчний салбар элгээрээ хэвтэх шахуу байна. Харин сайд нь аархаж, аймагтаа тэрбумаар нь цацжээ. 

ДЦС-3-т өнгөрсөн сарын 2-нд  томоохон осол гарч, эрдэнэт хүний амь эрсэдсэн. Угаасаа эрчим хүчний чадлын дутагдалд орчихсон атлаа 50 МВт-ын турбогенератороо шатааж, олон тэрбум төгрөгийн алдагдал үүсэв. 

2025-2026 оны өвөл дулаан, цахилгаан хослон ажиллаж байсан горимыг зөвхөн дулаан үйлдвэрлэх горим руу шилжүүлнэ. Үүнд 8.5 тэрбум төгрөг шаардлагатай. “ДЦС-3”-ын байшинд гал гарч, сүйдсэн тул 7 тэрбумаар засварлах тооцоо бий. Ингээд эхний ээлжид 15.5 тэрбум төгрөг шаардлагатай. 

Мөн үүн дээр гаднаас худалдаж авах турбогенераторын үнэ нэмэгдэнэ. Бас л хэдэн тэрбумаар яригдах нь ойлгомжтой. Харин Ч.Чойжилсүрэн сайд энэ бүхэнд санаа зовохгүй байгаа бололтой. Сайдын багцаа гарын салаагаараа урсгаж сууна.

ДЦС-3-т осол болохоос ч өмнө эрчим хүчний салбар нийт 750 сая ам.долларын зээл авчихсан. Энэ нь ойролцоогоор 2.5 их наяд төгрөгтэй тэнцэнэ. 

Улсын төсөв алдагдалтай, салбар нь өртэй байгаа тул Үндэсний аудитын газар том толгойтой энэ сайдын хөрөнгө оруулалт, зарцуулалтад хяналт шалгалт явуулахыг шаардаж байна. 

0
Show Comments (1) Hide Comments (1)
Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

  1. Зочин
    7 months ago

    Чойжоог огцруулаад зайлуул аа

    0